Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төсөл зэргийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм.
БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга Пэнг Тао “Цаашид Улаанбаатар хотод тулгамдаж буй нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах, уул уурхайн техникийн үйлдвэр, биологийн салбарын үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
ЭХ СУРВАЛЖ:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС