“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүллээ.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 онуудад 3 удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ болон ЗГ-аас батлагдсан 6 хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж 73.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 54.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.
Дээрх 2 зээлийг Хөгжлийн банкнаас олгох үед нэг эзэнтэй, харилцаа хамаарал бүхий компаниуд байсан нь тогтоогдсон. Тиймээс “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь эдгээр зээлийн өрийг барагдуулах үүрэг хүлээж байна. Дээрх байгууллагуудаас “Өр төлбөр барагдуулах санал” ирүүлсэний үндсэн дээр талууд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгууллаа. Гэрээний үндсэн дээр зээлдэгч болон барьцаалуулагч нараас “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86.6 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлж авлаа.
Ингэснээр “Гантиг Вилла” хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк нь “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаар болж байна.
Эргэн сануулахад, АТГ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны 2 дугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга байсан.
Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна.
/эх сурвалж: Монгол улсын Хөгжлийн банк/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27