Ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл, бичгийн багш Г.Даваажав агсны нэрэмжит Монгол хэл, бичгийн масс сургалтын чанарын уралдаан Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Уралдааныг Г.Даваажав багшийн гэр бүл, үр хүүхдүүд санаачилж, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын 3 дугаар сургууль зохион байгуулалтыг хангаж, шалгалтын сэдвийг Боловсролын үнэлгээний төв боловсруулан хамтран ажиллажээ.
Уралдааныг энэ оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал 2 үе шаттай зохион байгуулж, Орхон аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 6-12 дугаар ангийн 429 бүлгийн 13600 гаруй суралцагч хамрагдсан байна. Шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулахад 429 мэргэжлийн бус багш ажиллаж, засалтад мэргэжлийн 80 орчим багш, зохион байгуулалтанд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хамт олон бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.
Энэ ажлын үр дүн нь Эх хэл соёлоороо бахархах иргэдийг бага наснаас нь төлөвшүүлэх, эх хэлний мэдлэг чадварыг дээшлүүлж сургалтын чанарыг сайжруулах, багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг ахиулах ач холбогдолтой.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хаалтын үйл ажиллагаанд цахим мэндчилгээ дэвшүүлж, шалгарсан анги хамт олонд баяр хүргэлээ. Мөн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир оролцож, уралдааны үр дүн, ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцсан юм.