Д.БАТМӨНХ: МАЛЫН ТАРГА ХҮЧ САЙН БАЙГАА НЬ СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ТОХИОЛДОЖ БАЙГААГҮЙ САЙН МЭДЭЭ

2022-03-10 490 0

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс цаг үеийн асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа.

-Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал ямар байна?

-Өнөөдрийн байдлаар манай орны хэмжээнд мал аж ахуйн хаваржилтын байдал хэвийн байна гэж хэлж болно. Энэ жилийн нэгдүгээр сард 11.100 толгой мал хорогдсон дүн гарсныг өнгөрсөн жилтэй харьцуулбал 285 мянган толгойгоор буурсан үзүүлэлт юм. Харин 2020 оны мөн үед 48.6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байсан.

Улсын хэмжээнд малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50 орчим хувийг зарцуулсан байна. Энэ нь өвөлжилт нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцангуй хэвийн, тогтвортой байна гэсэн үг юм.

Бас нэгэн гол үзүүлэлт бол аймаг, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц 76-аас дээш хувийн үлдэгдэлтэй байна. Гуравдугаарт, зах зээлд өвс, тэжээлийн үнэ хямд, хангамж хүрэлцээтэй байгаа юм. Өвсний үнэ газар зүйн байрлалаас хамаараад өнөөдрийн байдлаар 2,000-5,000 төгрөг, ногоон тэжээл 6,000 төгрөг, хорголжин тэжээл 735 мянга буюу нэг шуудай нь 29,500 төгрөг, хивэг нэг тонн нь 630 мянга буюу 16,500 төгрөгийн үнэтэй байна. Эдгээр үндсэн үзүүлэлтээс дүгнэхэд мал аж ахуйн хаваржилт хэвийн байна гэж хэлж болно. Нөгөөтээгүүр байгаль, цаг агаарын мэдээллээс харахад цасны зузаан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэмэгдсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Говь-Алтайн зүүн тал, Баянхонгорын өмнөд хэсэг, Дундговь, Архангай талдаа цас багатай, бусад аймгийн хэмжээнд цасан бүрхүүл 1-25 сантиметр зузаан байна. ХХААХҮЯ-ны ажлын хэсэг зүүн аймагт ажиллаад ирлээ. Хэнтийд малын амны цас хангалттай байна. Хэнтийгээс цааш Дорнод аймаг хүртэлх замд дун цагаан өвөл болж байгаа юм шиг сайхан цастай байлаа. Цас багатай аймгуудад ус хангамжийн байдал хүндрэх төлөвтэй байсан. Харин энэ сарын 18-ны өдрийн цасны мэдээллээс харахад харьцангуй боломжийн хаваржих нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

-Зүүн аймгуудын хувьд хаваржилтын нөхцөл байдал хэр байна?  

-Бэлчээрийн даац, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ хамтарсан семинарыг зүүн бүсийн аймгуудын дунд зохион байгуулсан. Энэ зөвлөгөөний үеэр зүүн бүсийн аймгуудын мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнтэй бид танилцсан. Аймгууд ус хангамжийн тухайд тодорхой саналуудыг хэлж байсан. Тухайлбал, Сүхбаатар аймаг нийт бэлчээрийн 50 орчим хувийг усжуулсан. Цас багатай үед ус хангамжийн асуудал хүндрэх төлөвтэй, 2021 оны байдлаар нэг худгаас 3.000-5.000 толгой мал услах боломжтой.

Цаашдаа бид ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ингэснээр нэг бэлчээрт төвлөрч байгаа малын тоог бууруулах, улмаар бэлчээрийн хүртээмжийг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай байна гэдэг асуудлыг дүгнэж ярилцсан.

-Энэ жил хэчнээн тоо толгой мал төллөх вэ?

-3 дугаар сарын 15-наас төл мал хүлээн авах тоог ХХААХҮЯ нэгтгэн зохион байгуулна. Аймаг орон нутгаар нь малын төллөх тоог нягтлан гаргаж байна. Өнгөрсөн жил мал тарга хүч сайн авсан учраас зүй бус хорогдол бага байх төлөвтэй байна. Төллөх мал ч тарга хүчтэй байгаа учраас энэ жил олон төл хүлээн авах боломжтой байхаар байна. Малын тарга хүч сайн байгаа нь сүүлийн хэдэн жил тохиолдож байгаагүй сайн мэдээ. Учир нь 2020 2021, 2019 2020, 2017 2018 онд нийт нутгийн хэмжээнд ган, зудтай, өвөлдөө их цас орсон, зарим үед бага цас орсон учраас нэг, хоёрдугаар сарын үед мал усаар дутагдах зэрэг ихээхэн хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан.

Энэ жилийн тухайд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ ихэнх нөөцийг хоёр, гурав, дөрөвдүгээр сардаа хэрэглэх боломжтой байгаа учраас мал аж ахуйн үйлдвэрлэлд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэж хэлэх үндэслэлтэй.

-Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэн аймгуудад багагүй тусламж үзүүлж байсан. Энэ жилийн хувьд ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

-Өнгөрсөн 2021 оны яг өдийд говийн бүсийн таван аймагт өвөлжилт хүндэрсэн учраас 5 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгийг гаргаж, бүрэн найрлагатай тэжээл худалдан авч орон нутагт хүргэж байсан. Мөн олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс эдгээр аймгуудад хүнсний болон бусад тусламж үзүүлэхэд олон тэрбум төгрөг зарцуулж байв. Тэр үетэй харьцуулбал, энэ жил Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас тодорхой тусламж дэмжлэг үзүүлээгүй, бид ч асуудал тавиагүй байна. Мөн хүндрэлтэй асуудал байгаа тухай мэдээлэл олон улсын байгууллагуудад хүргэгдээгүй. Бид өнгөрсөн нэгдүгээр сард олон улсын байгууллагатай хурал хийсэн. Энэ үеэр зарим байгууллагын хүмүүс хүндрэлтэй асуудлаа гаргаж тавих хэрэгтэй гэж байсан.

Бид дандаа хүндрэлтэй байх биш, зарим үед тайван, аж амьдралаа зохицуулах шаардлагатай шүү дээ. Тайван байгаа нь мал аж ахуйн салбарын хөгжил, малчдын өвлийг даван туулах чадавх сайжирч байгаатай холбоотой. Түүнчлэн өвлийн хүндрэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авах аймаг орон нутгийн чадавх ч нэмэгдэж байгаа юм.

Энэ бүхэн цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, хариу арга хэмжээ авах, төлөвлөх, эрсдэлийг бууруулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг олон улсын байгууллагаас сүүлийн 2-3 жилд хэрэгжүүлж байгаатай холбоотой. Бас нэг зүйлийг хэлэхэд 2021 онд бид мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулахын тулд ОХУ-аас 80 орчим тонн тэжээл импортлох ажлыг зохион байгуулсан. Тэжээл импортлоход гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны долдугаар сарын нэгэн хүртэл чөлөөлөх зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байсны үр дүнд мал аж ахуйн салбар тогтвортой байгаа. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал маргааш, нөгөөдөр ч хүндэрч болохыг бид таах боломжгүй. Энэ хавар их хэмжээний цас орох, салхи шуургатай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болох магадлалтай. Ийм учраас

Малчид, иргэд одоо байгаа өвс, тэжээлийнхээ нөөцийг энэ хаврын хүндрэл тохиолдож болзошгүй цаг үед хэрэглэх, мөн гарсан төл болгоныг мал болгоход одооноос анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай юм.

-2021, 2022 оны өвөл, хавар отор нүүдлээр явах малын тоог бууруулж, тухайн аймаг сумандаа оторлох бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ бодлого зохицуулалтын үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Энэ жилийн тухайд отор нүүдлийг аймаг орон нутагтаа буюу өөрсдийнхөө нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаатай холбоотойгоор мал аж ахуйн үйлдвэрлэл дэх малын шилжилт хөдөлгөөн тогтвортой байна гэж дүгнэж хэлэх боломжтой. Дундговь, Өвөрхангай аймаг жилдээ нэг сая хүртэлх толгой малыг өөр аймгийн нутаг дэвсгэрт өвөлжүүлж, хаваржуулдаг байсан.

Энэ жилийн хувьд гол төлөв аймаг орон нутагтаа, аймгийнхаа тусгай хамгаалалтын газар, хилийн зурвас газар, отрын нөөц нутгуудад өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулж байгаа учраас отор нүүдэлтэй холбоотой асуудал харьцангуй багассан.

Ер нь отор нүүдэл явуулж буй, отор хүлээн авч буй аймаг аль аль талдаа хүндрэл багатай өвөлжөөд одоо хаваржиж байна. Сүхбаатар аймаг өнгөрсөн жил 30 байршилд нийтдээ 360 гаруй мянган га талбайг отрын нөөц нутаг болгосон. Өнгөрсөн онд 6 аймгийн 37 суманд 1.9 сая га газарт отрын нөөц нутаг байгуулах боломжтой гэж тогтоосон. Энэ хүрээнд сумын отрын нөөц нутгийн хил заагийг Монгол Улсын газрын нэгдсэн мэдээллийн санд оруулах ажлууд хийгдсэн. Ингээд орон нутаг өөрсдийнхөө хүчин чадлыг сайжруулж, отор нүүдлийг орон нутагтаа зохион байгуулж өвөлжилтийг хүндрэл багатай даван туулах бүх талын зохицуулалтын арга хэмжээнүүд авагдсан нь орон нутагтаа өвөлжих боломж нэмэгдсэн байгаа.

-Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт ямар үр дүнтэй байна вэ?

-ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамтран Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх зөвлөгөөнийг гурван бүсэд зохион байгуулсан. Тус бүсчилсэн зөвлөгөөнд аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гишүүд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, татварын хэлтэс болон холбогдох хүмүүсийг оролцуулж өргөн хүрээнд зохион байгуулсан. Зөвлөгөөн зохион байгуулсан 12 аймагт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайн байна. Аймаг орон нутаг ялангуяа, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо өндөр байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2021 оны 7-р сарын 1-нээс хойш улсын хэмжээнд нийт 15,3 тэрбум төгрөгийн татвар хуримтлагдсан байна.

-Мал аж ахуйн салбарын бодлого, хэрэгжилтийн үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан 2021, 2022 онд нийтдээ 67.7 сая толгой малыг өвөлжүүлэх талаар Засгийн газарт танилцуулсан. 2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдсон. ХХААХҮЯ-наас төлөвлөж оруулсан нэгдсэн дүн мал тооллогын дүнгээр бүрэн батлагдсан. Бидний танилцуулсан ажил бүрэн хэрэгжиж байгаа. Нөгөө талдаа ХХААХҮЯ энэ хуралдаанд 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал боловсруулснаа танилцуулсан. Бодит байдал дээр мал тооллогын дүнгээр 17 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орсон. Эндээс дүгнэхэд мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт аль аль талдаа бодитой, үр дүнтэй болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ