Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Шинээр томилогдсон сайд нарын намтар:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан
– 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.
– 41 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник – цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
Ажилласан байдал:
– 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын даргаар томилох үндэслэл:
УИХ, Засгийн газар, орон нутгийн уялдаа холбоог сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хурдасгах, Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийн хяналт үнэлгээг сайжруулахад бодитой ахиц гаргана.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар
– 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.
– 47 настай
– Эхнэрийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох үндэслэл:
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн бодлого тодорхойлох, нийслэл Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
– 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн.
– 58 настай
– Эхнэрийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга,
– 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал,
– 2004 оноос Их Хурлын гишүүн,
– 2009-2010 онд Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
– 2016-2017 онд Засгийн газрын гишүүн – Батлан хамгаалахын сайд,
– 2018-2020 онд Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
– 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн.
– 54 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
– 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
– 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
– 2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,
– 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
– 2007-2008 онд Засгийн газрын гишүүн – Түлш, эрчим хүчний сайд,
– 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн,
– 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
– 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
– 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн,
– 2016-2017 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
– 2017-2021 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
– 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2021 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу яамд хоорондын хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт
– 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.
– 48 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер,
– 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
– 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
– 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга,
– 2016-2017 онд Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайд,
– 2019-2020 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
– 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигтийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлэх зэрэг бодлогын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар
– 1973 онд Улаанбаатар хотод төрсөн
– 49 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
– 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал,
– 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх,
– 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч,
– 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн санг бий болгон хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын иргэдэд хүргэх бодит хүртээмжийг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог дэмжих, алт, зэс, төмрийн хүдрийг боловсруулах хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Даваажанцангийн Сарангэрэл
– 1963 онд Улаанбаатар хотод төрсөн.
– 59 настай
– Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант,
– 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор,
– 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч,
– 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал,
– 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,
– 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч,
– 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
– 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн,
– 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга,
– 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
– 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог төлөвшүүлэх, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэх, тэтгэвэр, нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуун
– 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
– 58 настай
– Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
– 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,
– 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,
– 1992-1997 онд “Хишиг аж ахуй” ХХК-ийн захирал,
– 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн захирал,
– 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр эх орноо хангах, Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулах, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экспортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал
– 1987 онд Улаанбаатар хотод төрсөн
– 35 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 2010-2016 онд “Рояаль” Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга,
– 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
– 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,
– 2015 онд Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх,
– 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга,
– 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, төрийн чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, “Цахим Монгол” хөтөлбөрийг шинэ шатанд гаргах, Цахим гарын үсгийг нэвтрүүлэх, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр үндэсний компаниудаа дэмжиж ажиллах чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн
– 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн
– 52 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
– 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал,
– 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал,
– 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал,
– 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга,
– 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
– 2016-2017 онд Засгийн газрын гишүүн-Сангийн сайд,
– 2017-2020 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход томоохон хувь нэмэр оруулна.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27