
ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Завхан аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1,4 тэрбум төгрөг, орон нутгийн ЖДҮ-ийг хөгжүүлэхээр аймгийн ИТХ-ээр батлагдсан 500 сая төгрөгийн эх үүсвэр тус тус батласан.

Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 4,6 тэрбум төгрөгийн 43 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.

Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “”Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Завхан аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 16 төсөл шалгарч үлдээд байна.

Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Завхан аймагт 183сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.
