Зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олголоо

2024-03-05 93 0

Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн.
Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм.
Ховд аймгийн хувьд энэ жил 1,4 мянган тн өвс, 972 тн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсанбайна. Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх ажлыг зохион байгуулснаар өвөлжилтийн хүнд нөхцөл байдлыг хохирол багатай давж байгааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэллээ.

Иргэд, малчид цаг хүнд энэ үед гурил тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн байгаа нь хүндрэлтэй байгааг ярьж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасныг тэмдэглээд ингэснээр иргэд гурил тэжээлийг хямд үнээр худалдан авах боломжтой болно гэдгийг хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ