Төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт тариаланчид,ногоочдоо!
Боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн судлаачдаа!
Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Үе үеийн Засгийн газраас хүн, амыг эрүүл хүнсээр тогтвортой хангах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үр, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усалгаажуулах, зоорь агуулахын хангамжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч тусгайлсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж татвар, санхүү, бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн.
Манай оронд тариалан эрхэлж байсан эртний түүхтэй хэдий ч “Атрын 1 дүгээр аян”-ыг зарлан хэрэгжүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй эрчимжүүлэн хөгжүүлэх эхлэл тавигдсан.
Харин “Атрын 2 дугаар аян”-аар төмс, хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэлийг илүү эрчимтэй нэмэгдүүлж тэдгээр таримлын сорт сорилт, үрийн аж ахуйг хөгжүүлэх, механикжуулах, мэргэжилтэн, тариаланчид бэлтгэх зорилгоор аймгуудад техник мэргэжлийн сургуулиудыг байгуулж жимс, ногооны анги нээгдэж олон мянган мэргэжилтнийг бэлдэж эхэлсэн. Энэ үед төмсний үйлдвэрлэл 3 дахин, хүнсний ногооны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн байна.
“Атрын 3 дугаар аян”-ны хүрээнд төмс, хүнсний ногоо, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 200 га хүртэл газар олгох, трактор, усалгаа, зоорь, хүлэмжийн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Өрх бүрийг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарьж ургуулан хүнсэнд хэрэглүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Ногоон хувьсгал”, “Хүнсний ногоо” Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн эрх зүй, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлснээр тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Гэвч хүн ам хот, суурин газар суурьшин тэдгээрийн амьдралын хэв маяг, хоол хүнсний тэнцэл өөрчлөгдөж дэлхий нийтээр хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг болж байна.
2021 оны ургац хураалтын дүнгээр 17 мянган өрх, 858 аж ахуйн нэгж, хоршоо төмс 19.9 мянга га талбайд тарьж 181.8 мянган тонн, хүнсний ногоо 10.4 мянган га талбайд тарьж 118.3 мянган тонн ургац хураан авч, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.9 хувийг хангаж байна.
Нийт тариалж буй талбайн 94 хувийг ил талбайн ногоо, 6 хувийг хүлэмжийн тариалан эзэлж гол нэрийн хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрсэн.
Хүн амын хэрэглээгээр дотоодын ургацаас хангамжийг тооцвол байцаа 64 хувь, шар лууван, шар манжин, хүрэн манжин 100 хувь, сонгино 96 хувь, сармис 57.2 хувь, хэмх 66.4 хувь, лооль 8.8 хувь,тарвас 29.4 хувь, бусад ногоо 24 хувийг хангаж байна. Иймд хамгаалагдсан хөрсний тариалан буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Улсын хэмжээнд нийт 120.5 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаагаас өвлийн 32.3 га, зуны 88.2 га- хүлэмжээс 5.7 мянган тонн ургац хураан авсан байна.
Хүнсний ногооны механикжуулалтын түвшин дөнгөж 48.8 хувьтай байгаа бөгөөд ногоог тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 хувийг гараар гүйцэтгэж байна. Тариалан эрхлэгчдийн 96.5 хувь нь талбайгаа энгийн гадаргуугийн усалгаагаар, 3.5 хувь нь инженерийн хийцтэй услалтын системээр усалж, 254 мянган тонн багтаамжтай 10 мянга гаруй зоорь ашиглаж байна.
Хөдөө орон нутгийн иргэд, малчдад шинэ ургацын ногоо, үйлдвэрийн аргаар боловсруулсан ногоог хүргэх худалдаа, тээвэр ложистик үйлчилгээ, хадгалалтын сүлжээ байхгүйгээс хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээ хэт бага хэвээр байна.
Судалгаагаар хураан авч буй хүнсний ногооны 30 хувь шууд борлуулагддаг бол 20 хувийг ресторан супермаркет, жижиглэнгийн худалдаанд, 30-50 хувь 3-6 сарын хугацаанд агуулах зооринд хадгалан борлуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор бүрэн хангах, нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн “Атрын 4 дүгээр аян”-ыг “Эх орны – эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
УИХ-аар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай” 118 дугаар тогтоолыг баталж дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:
1. Тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох ажлыг зохион байгуулах, мөнгөн урамшуулал олгоход шаардагдах зардлыг жил бүрийн төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх,
2. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувь хөнгөлж олгох, өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд ашигласан цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар уртасгаж тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан.
3. Мөн орон нутгийн иргэдийн хүнсний ногоо тариалах идэвх, санаачилгыг дэмжих, худалдаа, тээвэр ложистик, хадгалалтын сүлжээг хөгжүүлэх, хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр тариалангийн талбай олгох ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан болно.
4. Энэхүү шийдвэрийн дагуу аймаг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн хүнсний ногооны тариалалтыг 2021 оноос 2250 га-аар нэмэгдүүлэхээр Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн саналыг хүлээн авч борлуулалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэлээс төмс, хүнсний ногоо худалдан авахад зориулж зоорь, агуулах бүхий аж ахуйн нэгжид зөвшөөрөгдсөн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэл хувийголгохоор гэрээнд тусгагдаад байна.
Улаанбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулаад байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд агро ойн аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд сум, аймгийн төвүүдэд байгуулах Агро паркын ТЭЗҮ, хүнсний ногооны агуулахын нэг маягийн зураг төслийг боловсруулж нийтэд ашиглах боломжийг бүрдүүлээд байна.
Газар тариалангийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа бөгөөд үүнийг үр, суулгац,техник технологийн шинэчлэл, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг олон тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
Цаашдын зорилт, баримтлах бодлого чиглэл
o “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих” цогц арга хэмжээг хэрэгжүүлж хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болно.
o Мэдээллийн ухаалаг технологид суурилсан төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын системийг бүрдүүлж, тариалангийн салбарыг иж бүрэн цахимжуулах, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог болно.
o Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, сорт судалгааг өргөжүүлэх, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, үрсэлгээний төрөлжсөн аж ахуйг хөгжүүлэх, бага, дунд оврын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг эрс сайжруулах, усалгааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нийслэл, аймгийн төвүүдэд агуулах, зоорийн хангамжийг сайжруулж хадгалалт борлуулалтын төвийг байгуулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
o Сум бүрт ойн зурвас бүхий агропарк байгуулж, шинэ технологи нэвтрүүлэх, инновацид суурилсан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг холбосон сургалт, сурталчилгаагаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн нэгжийн ургац, бүтээмжийг сайжруулна.
o Ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох лабораторийн хүчин чадал, үйл ажиллагааг сайжруулан зохистой дадлыг нэвтрүүлж эрүүл, аюулгүй хүнсээр зах зээлд бүтээгдэхүүнээ тасралтгүй тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
o Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл эрхлэгчдийг чанарын баталгаатай үр, үрслэгээр хангаж, нэгжийн ургацыг нэмэгдүүлэхийн тулд үрсэлгээний төрөлжсөн аж ахуйнуудыг бүсчлэн байгуулахад анхаарч байгаа ба үүнийг сонирхож байгаа та бүхний санал санаачилгыг дэмжинэ.
o Зуны хүлэмжийг лизингээр олгодог тогтолцоог нэвтрүүлж, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжлэг үзүүлнэ.
Ногоочид хүнсний ногоог тариалах, хадгалах, тээвэрлэх, борлуулах ажлыг бүгдийг өөрөө хийх биш кластер, хоршооллын тогтолцооны нэг тал болж ногоочид зөвхөн ургуулахдаа анхаарч хадгалалт, борлуулалтыг агуулах, худалдааны төвүүд, хоршоодод хариуцуулах нь зохимжтой юм.
Хүнсний ногооны үйлдвэрлэлд шинэ техник, технологи, оновчтой шийдлийг шуурхай нэвтрүүлж, “Атрын 4 дүгээр аян”-ыг Эх орны эрүүл хүнс уриатайгаар амжилттай хэрэгжүүлэхэд ногоочин, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгч та бүхний сэтгэл, зүтгэл, хөдөлмөр голлох үүрэгтэй бөгөөд хүн амыг амин дэм бүхий аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ариун үйлсэд тань ажлын амжилт хүсье!
Сайн vйлс дэлгэрэх болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа!
/эх сурвалж: ХХААХҮЯам/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27