Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы /2023.04.21/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар (бүрэн эхээр нь эндээс) Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд,Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээлэлдээ, Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол, тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна гэв.
Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй авто замын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч нэгдсэн нэг бодлогын дор үйл ажиллагаагаа явуулан, цаг алдалгүй үр дүн гаргах зорилгоор 2022 оны 341 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-г байгуулсан. Мөн Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолыг батлан нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420.0 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой Нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 180 дугаар тогтоол батлан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна гэж байлаа.
Мөн Улаанбаатар хотыг “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулан автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд авто зам, нийтийн тээвэр, хот байгуулалт, зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 12 багц арга хэмжээг төлөвлөсөн. Эдгээр төсөл, арга хэмжээ нь 837.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 96 хувь буюу 803.5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2022 онд санхүүжүүлэхээр төсөвлөгдсөн 411.8 тэрбум төгрөгөөс 65 хувь буюу 269.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнээс 33 хувь буюу 138.3 тэрбум төгрөгийг он дамжуулан санхүүжүүлнэ гэв.
2023 оны хувьд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр 15.1 тэрбум төгрөг, гол гудамж замын бүтээн байгуулалтад 29.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Улсын төсвийн тухайд нийт 408.0 тэрбум төгрөгийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-ны даргын багцад тусган баталсан гэдгийг Ж.Сүхбаатар сайд мэдээлэлдээ дурдсан.
Түүнчлэн, Нийслэл Улаанбаатар хотод авто зам шинээр барих, өргөтгөх шинэчлэх ажлыг Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөндтусгагдсаны дагуу авто замын түгжрэлийг бууруулахад үзүүлэх нөлөөллөөр эрэмбэлэх оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м гүүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2024 онд хоногт нийт 184,910 машин нэвтэрч авто машины түгжрэл 9 хувиар бууруулахаар тооцсныг дурдаад авто замын сүлжээг өргөтгөх, шинэлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Эдгээр төслөөс гадна Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд нэг төвт хотоос олон төвт хотыг хөгжүүлэх эхлэл буюу хот тойрсон авто замын хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаанд бий болгохоор төлөвлөсөн. Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30 хувь бууруулахаар тооцож байна. Мөн хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой “Сэлбэ сэргэлт” төсөл судалгааны шатандаа орж, зураг төсвийн тооцоолол хийж байна. Урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ширхэг нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Үүний дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга мэдээлэлдээ онцлов.
Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь арваас дээшжилийн насжилттай байгааг Ж.Сүхбаатар сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 80 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын багцад энэ онд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 272.0 тэрбум төгрөг батлаад байна. Одоогоор автобус худалдан авах гэрээний хүрээнд энэ оны 06 дугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Мөн нийтийн тээврийн автопаркийн барилгыг нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. 2024 онд нийтийн тээврийн парк шинэлэлтийг 100 хувьд хүргэж, насжилт ихтэй автобусыг ашиглалтаас гарган, урсгал зардал болон агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний сувгийн хамт ашиглалтад оруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх юм гэж байлаа.
Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхчиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ эдгээрээс гадна Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлж, 1 дүгээр шугам буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо хүртэл нийт 15 буудалтайгаар төлөвлөн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж төслийн суурь судалгаа хийсэн гэв.
Түүнчлэн тэрбээр, “Нийслэлийн нийтийн тээвэрт тусгай замын их багтаамжийн автобусыг нэвтрүүлэх” төсөл судалгааны шатандаа байна. Урьдчилсан тооцооллоор Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалангийн автобусны буудал хүртэлх авто замыг ашиглан тусгай эгнээгээр их багтаамжийн автобусыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн зорчих хурд нэмэгдэж, нарийвчилсан цагийн хуваарийн дагуу шуурхай үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн төрлийг бий болгох гэж байлаа.
Зам тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж технологийн тусламжтайгаар авто зам, тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг боловсруулж, өгөгдөл дээр суурилсан тооцоо судалгаа хийх, бодит цаг хугацааны тандалт дээр суурилж замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломжийг бий болгох, авто замын сүлжээний ачааллыг бууруулах ажлын 1 дүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн. 2023-2024 онд 2 дугаар үе шатыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн бодит цагийн нэгдсэн дата цуглуулж, авто зам болон тээврийн зохицуулалтыг хийнэ. Гэрлэн дохиогоор тоноглогдсон уулзваруудад бодит цаг хугацааны тандалт хийж, замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломжтой болно. Мөн замын хөдөлгөөний хяналтыг 40 хувиар сайжруулж авто замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиарбууруулна. Ухаалаг авто зогсоол, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цагийг хэмнэнэ. Шалган нэвтрүүлэх товчоод, явуулын хяналтын цагдаагийн машинууд хоорондоо ухаалаг терминалуудаар холбогдож мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдэнэ гэв.
Өнөөдрийн байдлаар иргэд нийслэлийн авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон. Энэ алдагдсан боломж өртгийг бууруулахын тулд 2022 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гол нөлөө үзүүлэх суурь судалгаануудаа хийсэн. Авто замын сүлжээг нэмэгдүүлэх, зорчилтын бөөгнөрлийг задлах боломжуудыг тодорхойлсон. Мөн гэр хорооллын бүсэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль дагасан зорчилт хөдөлгөөнийг бууруулах хувилбаруудыг тооцон гаргасан. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдарч байгаа нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулан жижиг, дунд оврын автобус явуулах, мөн автобусны дундаж хурдыг нэмэгдүүлэх үүднээс Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлөх ажлыг төлөвлөж ажиллаж байна гэдгийг Ж.Сүхбаатар сайд мэдээлэлдээ дурдлаа.
Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд илүү оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Товчоор дүгнэвэл, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг 2022 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг дээр дурдсан хувиар бууруулна гэж үзэж байна гэв.
Дараа нь мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийг төлөөлж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсан.
Тэрбээр,Түгжрэл бол улс төржсөн шийдвэрүүд, намчирхсан томилгоонууд, авилгажсан газар олголтуудын төлөөс тэгдээрийн толин тусгал нь гэдгийг онцлоод асуудлыг цогцоор нь харж, арга хэмжээ авч, томоохон өөрчлөлт хийхгүй бол гал унтраах байдлаар зам өргөтгөөд, автобус шинэчлээд, аль эсвэл хэт захиргааны арга хэмжээг аваад түгжрэл буурахгүй нь нэгэнт тодорхой харагдаж байна. Оношоо зөв олж, суурь шалтгаан нөхцөлийг нь өөрчлөхөөс шийдлүүд гарах ёстойг тодотгов.
Мөн түгжрэлийн шийдэл бол зөвхөн автобус, нийтийн тээврийн асуудал биш олон олон бодлогуудын огтлолцол дээрээс гарна. Монгол Улсын хүн ам зүйн нутагшил, суурьшлын бодлого, татварын бодлого, хотжилт, соёлын өөрчлөлт, төлбөрийн системүүдийн шийдэл зэргээс хамаарах асуудлыг цогцоор харж байж шийдэл гарна. Улаанбаатар хот ямар хот байх вэ, суурьшил, хотхон, хороолол, гудамжууд нь хаана, хаана яаж төвлөн хөгжих вэ, түүнийх нь дагуу залууст ямар ажлын байрууд үүсч, хэдхэн алхмын цаана сургууль, цэцэрлэг нь байх вэ гэх хот төлөвлөлтийн бодлогоо гаргаж, нутаг суурьшлын бодлого, төлөвлөлтөндөө суулгаж, хот төлөвлөлтийн баримт бичгээ зөв гаргаж, чанд мөрдөх ёстойг онцлон тэмдэглэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга санал, дүгнэлтийнхээ төгсгөлд түгжрэлийн асуудалд түлхэц болохуйц шийдлүүдийг гарган, үр дүнтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна гэв.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултаар үргэлжлэв.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар “D-Parliament” цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Э.Бат-Амгалан иргэдийн зүгээс худалдаа, үйлчилгээний төвүүдэд ажиллагсад ойр орчмын зогсоолуудыг дүүргэж, авто замын нэгдүгээр эгнээг эзэлж ачаалал үүсгэж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон автомашины түгжрэлийг бууруулахад хуучин автомашин явуулахыг хориглох асуудалд баримталж буй бодлогыг лавлаж буйг уламжлахын зэрэгцээ цаашид энэ асуудлаар төрийн шат шатны байгууллагууд мэдээллээ хурдтай солилцож, нийслэлийн хотын түгжрэл, төвлөрлийн асуудалд Нийслэл хотын холбогдох удирдлагууд санал, санаачилгатай ажиллах шаардлагатай гэсэн санал хэлэв. Мөн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо энэ асуудлыг хэлэлцэж, тодорхой зоригтой шийдэл гаргах нь чухал гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, иргэдээс Улаанбаатар хотод бүсчилсэн татвар тогтоох, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоход хийж буй ажил болон нийслэл хотод метро, LRT, дүүжин тээврийн аль нь илүү ач холбогдолтойг тодруулсныг уламжилсан. Мөн тэрбээр, өнөөдөр нийслэлийн иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг асуудлын нэг нь түгжрэл гэдгийг онцлоод энэ асуудлыг хариуцсан сайдтай болсон тул үр дүн гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд цаашид санаачилгатай, сайн ажиллах шаардлагатай гэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ирэх долоо хоногийн лхагва гарагт Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдаж, нийслэлийн төвлөрөл, түгжрэлийн асуудлыг цогцоор шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцэх чиглэлийг өглөө.
Ажлын хэсгийн зүгээс тээврийн хэрэгслийн зогсоолын хүртээмжгүй байдал нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болсныг тэмдэглээд автомашины зогсоолын үнэ, тарифт өөрчлөлт оруулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд саналаа өргөн бариад байгаа гэв. Мөн хүний аливаа ажил хөөцөлдөх, гүйцэтгэх хугацаа гурван цаг орчим байдаг. Иймд автомашины зогсоолын эхний цагийн төлбөрийг 1000 төгрөг, хоёр дахь нь 1500, гурав дахь цагт 2000, дөрөв дэх цагт 4500 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх саналаа тусгасан гэж байлаа. Түүнчлэн Улаанбаатар хотод автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж 15 байдаг бөгөөд эдгээр нь холбогдох байгууллагатай гэрээний дагуу ажиллаж байгаа ч автомашины ачилттай холбоотой маргаан, гомдол нэлээдгүй байдаг. Иргэдээс ирүүлсэн саналын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журамд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн хэмээн хариулж байсан.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариултдаа, Томоохон хотуудын туршлагаас харахад түгжрэлийн төлбөртэй бүс гэсэн аргаар асуудлыг зохицуулаад 20 гаруй жил болж байна. Иймд иргэдээс түгжрэлтэй хэсгээс төлбөр, хураамж авах нь зүйтэй гэсэн саналууыг ирүүлж байгаа учраас энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулсан. Үүнийг Засгийн газарт өргөн барихаас өмнө салбарын хүрээнд зөв мэдээлэл хүргэх үүднээс төслийн агуулгыг тайлбарлан таниулах ажлуудыг хийж байгааг онцлов. Мөн тэрбээр, “LRT буюу хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг нийслэл хотын удирдлага эх үүсвэр боломжоороо хариуцаад явах нь зүйтэй. LRT, метро зэрэг нь маш өндөр өртөгтэй төсөл тул хөрөнгийн боломж, нөхцөлдөө тулгуурлаад багаасаа их рүү гэсэн зарчмаар хандах нь чухал. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд дүүжин тээвэр, BRT төсөл дээр Засгийн газрын оролцоо гэдэг утгаар илүү анхаарал тавьж байгаа. Энэ хоёр төслийн санхүүжилт нь ерөнхийдөө шийдэгдсэн, хэрэгжих боломж нь цаг хугацааны хувьд наана тул үүнийг хэрэгжүүлье гэж бодож байгаа” гэсэн нэмэлт тайлбарыг өгснөөр хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27