МОНГОЛД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЖАГСААЛТААС ХОЁР ЗААЛТЫГ ХАСАХ БОЛОМЖ БҮРДЭВ

2024-03-01 74 0

Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал” эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ ХСҮТ-д өнөөдөр /2024-03-01/ боллоо.
Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд, Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Монголын эрүүл мэндийн салбарт, тэр тусмаа Хавдар судлалын эмчилгээний чиглэлийг шинэ түвшинд авчирч буй эдгээр шинэ технологи нь бид өмнө нь хийж чаддаггүй байсан, үүний улмаас олон монгол хүн гадаад улс орныг зорихоос аргагүй байсан тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг Монголдоо хийх боломжтой боллоо” хэмээн онцолсон юм.
Тэрбээр, манай улсад эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтын 15-р заалт болох “Тархи нугасны хавдрууд, толгой хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ”, мэдрэлийн мэс заслын 1 дүгээр заалт болох “Тархи, нугасны гүний түвэгтэй байрлалтай, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар, эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ” гэсэн хоёр заалтыг хасаж, эмчилгээний арга нь Монгол Улсад нэвтэрч, иргэд энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдэж буйд төслийг хэрэгжүүлэгч талууд, эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.   

С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ “УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээг уг сангийн хөрөнгөөс гаргах зохицуулалтууд орсныг тэмдэглээд “Уг хуультай холбоотойгоор Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрөх хөрөнгийн хэмжээг 10,0 тэрбум төгрөгт хүргэж 2023 оны санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлж тусгасан.
Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа. Энэхүү журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахад шаардагдах санхүүжилтийг шийдэх боломжтой болсныг дуулгахад таатай байна” гэв.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар гадаадад эмчлүүлэгсдийн 30 хувь  нь мэдрэлийн болон хавдрын шалтгаант тархи, нугасны мэс засал болон стереотактик туяаны мэс засал хийлгэсэн байдаг. Тиймээс энэхүү шинэ технологи нэвтэрснээр тархи, нугасны хавдрын оношилгоо, эмчилгээг хийх боломжгүйгээс гадаадад эмчлүүлэхээр явж цаг хугацаа алдах, санхүүгийн дарамтанд орох байдал багасч эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх юм.  
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2019 онд Монголд анхны хоёр шугаман хурдасгуурыг суурилуулан эмчилгээ эхлэж байсан бол өнөөдөр дэлхий дахинд хэрэглэгдэж буй хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн гурав дахь шугаман хурдасгуур Truebeam аппаратыг суурилуулан нээлтээ хийлээ.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгийн тайлбарласнаар “Стереотактик туяа эмчилгээ буюу туяаны мэс засал” эмчилгээ нь нээлттэй мэс засалтай харьцуулахад хүндрэл, зовиур бага давуу талтайгаас гадна уламжлалт гурван хэмжээст туяа эмчилгээтэй харьцуулахад эмчилгээний давтамж хэд дахин бага юм байна. Энэхүү мэс заслыг тархи нугасны анхдагч хавдрууд болон тархины үсэрхийлэл, уушги, элэгний хавдруудад хийх боломжтой аж
Тэрбээр манай улсад тархи, нуруу нугас, мэдрэлийн хавдар түгээмэл тохиолддог. Элэг, ходоодны хавдар шиг их биш ч гадаадад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн 30 хувь нь тус өвчний эмгэгийн шалтгаантай байдаг гээд ХСҮТ-ийн зорилго бол урьд нь хийж чаддаггүй байсан хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, цогцоор хүргэхийн тулд оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж байгааг хэлсэн.

Өнөөдөр нээлтээ хийсэн хоёр дахь шинэ технологи нь тархи нугасны хавдрын навигацийн мэс заслын эмчилгээ юм. Энэхүү технологи тархины хавдарт зөвхөн туяа эмчилгээ хийх биш мэс засал эмчилгээг хамтад нь  хийх боломжтой болгож буй гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Ингэснээр ХСҮТ нь тархи нугасны хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болж байгаа.  Монгол Улсад Улсын гуравдугаар төв эмнэлгийн дараа тус төвд орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн Brain Lab навигацийн систем бүхий төхөөрөмжийг хүлээн авч, үр дүнд нь тархины мэс заслын үед хавдрын байрлал, хэмжээ, гүнийг тодорхойлж тархины үйл ажиллагааны эрүүл эдийг хадгалж үлдэх мэс заслыг хийх боломж бүрдэж байгаа юм байна. 

Шинэ технологи нэвтрүүлэх ёслолд дэлхийд тэргүүлэгч мэдрэлийн мэс засалч ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, профессор А.А.Суфианов оролцсон. Түүнийг хавдрынхан мэдрэлийн мэс засалчид дундаа хөлбөмбөгөөр бол “Пеле” хэмээн тодотгосон бөгөөд Монголд өчигдөр ирээд ХСҮТ-ийн эмч нартай хамтран мэс засал хийж туршлагаасаа хуваалцаад амжсан байна. Профессор А.А.Суфианов “ХСҮТ-ийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж болон хагалгааны явцтай танилцахад тус байгууллагад мэдрэлийн мэс заслын хагалгааг нэвтрүүлэхэд асуудалгүй гэж харж байна. Цаашид тоног төхөөрөмжөөс гадна боловсон хүчний тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Миний харж байгаагаар ойрын жилүүдэд бүх төрлийн мэс засал эмчилгээг нутагшуулах боломжтой юм байна” хэмээн монгол эмч нарын чадварыг өндрөөр үнэлж буйгаа хуваалцсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ