“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шилдгүүд тодров. Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болсон ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос болон монгол хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэд, босоо бичгээ эрхэмлэн дээдлэгч, өвлөн уламжлагч, багш суралцагчид оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ “ Босоо монгол бичгээ хүндэтгэн анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ удаагийн уралдааны отгон оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 101 настай Жигмэдсүрэн гуай байсан гэж дууллаа. Энэ нь монгол эх бичгээ иргэн бүр дээдлэн дэлгэрүүлж байгаагийн тод илрэл юм” хэмээн онцлов.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ олон улсын болгон өргөжүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд БШУЯ, Соёлын яам дэмжин хамтран ажиллажээ. Уралдаанд нийт 1650 орчим хүн бичлэг, бүтээлээ ирүүлсэн байна. Монгол улсын хувьд, Говьсүмбэр аймгаас бусад бүх аймгийн сайхан бичигтнүүд оролцсон. Харин гадаад улсуудаас БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах Орон, Япон улс, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлээ “сойсон” юм.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, улс үндэстний оршин байх дархлаа болсон монгол хэл, бичгээ олон нийтэд таниулах, өвлөн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье. Монгол хэл, бичиг, түүх, соёл сэтгэлгээг Монгол Улс төр засгийн бодлого, үзэл баримтлалынхаа төвд байлган өвлүүлэх, хөгжүүлэх, хадгалж хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсээр ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаараа “Монгол хэлний тухай хууль”-ийг нэгдсэн зохицуулалтаар хангах Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь ажиллаж байгаа бөгөөд 2025 оноос эхлэн Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөр”-ийн биелэлтийг ханган ажиллаж байна. Эх сайхан бичгээрээ уншиж, бичигчдийн тоо илүү олон болох болтугай” хэмээн шилдгүүдэд шагнал гардуулах үеэр хэллээ.
“12-р ангийн сурагчид”-ын ангилалд эхний гурван байрт шалгарсан зургаан сурагчийг МУИС, МУБИС-д урилгаар элсүүлж, “Боловсролын зээлийн сан”-гийн 100 хувийн тэтгэлгээр монгол хэл, бичиг, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр суралцах эрхээр шагнасан. Уралдааныг зохион байгуулж ирсэн 27 жилийн түүхэнд нийт 90 гаруй сурагч дээрх хоёр их сургуульд улсын зардлаар үнэ төлбөргүй суралцан төгсөөд байгаа ажээ.
Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ныг дуустал нийтэд толилуулна.