
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболдтой уулзаж дараах асуултуудад тодорхой хариулт авлаа.
Сур: Төрийн ордонд зохион байгуулагдсан “Үндэсний спортын анхдугаар их чуулган”-ы ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байна.
-Үндэсний спортын анхдугаар их чуулганыг Монголын үндэсний спортын хорооноос санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Шадар сайд, Биеийн тамир спортын Улсын хороотой хамтран зохион байгуулсан. Энэхүү анхдугаар чуулганаар Үндэсний спортыг хөгжүүлэхэд баримтлах бодлого, зөвлөмжийг боловсруулж батлан төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлснээрээ ач холбогдолтой боллоо. Уг зөвлөмжид Үндэсний спортыг хөгжүүлэхдээ үндэсний уламжлалт өв соёлыг нь алдагдуулахгүйгээр, үндэсний спортын шударга өрсөлдөх зарчмыг хангаж хөгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнууд тодорхой үүрэг хүлээхээр тусган зөвлөмжийг хүргүүлсэн.
Сур: Монгол уяачид хоёр талд хуваагдаад байна гэх яриа нийгэмд үүсээд байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг бодитоор нь хэлбэл?
-Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д яг ямар морь уралдахыг тодорхой зааж өгөөгүй. Үүний улмаас зарим уяачид адууны фермер хэлбэрээр үржүүлсэн эрлийз морио, нүүдлийн соёл иргэншил, өв соёлоо авч үлдсэн хөдөөний малчин уяачид Монгол адуугаа уяж уралдуулж байна. Энэ хоёр адууг хооронд нь нийлүүлж уралдуулснаас үүдэлтэйгээр үндэсний баяр наадмын уламжлалт унаган төрх нь алдагдаж шударга бус өрсөлдөөн, спортын шударга өрсөлдөх зарчмыг алдагдуулж байна. Энэ байдлаас үүдэн уяачдын дунд талцал, хуваагдал, хэрүүл маргаан, улмаар үүнийг дагасан гэмт хэргийн болон зөрчлийн чанартай үйлдлүүд газар авлаа.
Сур: Гэмт хэргийн болон зөрчлийн чанартай гэдгийг жаахан тодруулна уу?
-Хууль бусаар улсын зэрэг цол авдаг асуудал даамжирсаар цол, нэр хүндийн төлөөх, олонд танигдах гэсэн давчуухан, явуургүй бодлын улмаас хувийн эрх ашгаа бодож нийтийн эрх ашгийг зөрчиж байна. -Одоо хэрэгжиж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зургаан насны морьд уралдахыг заасан бөгөөд, уг зургаан насны ангиллын уралдаанд гаргасан амжилтаар нь уяачдад Улсын цол олгохоор хуульчлагдсан байдаг. Харин хуульд заасан зургаан насны ангиллаас өөрөөр буюу эрлийз дээд, дунд, доод гэсэн ангиллаар морио уралдуулсан уяач нарт улсын цол өгөх хуулийн зохицуулалт байхгүй ч нэг нь цолыг хавтгайруулан олгодог, нөгөөдүүл нь авдаг байдал даамжирлаа. Энэ байдал нь өөрөө хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм.
Сур: Таны болон сэтгэл нэгт нөхдийн тань чинхүү зорилго?
-Нийт уяачдын маань хүсэл зорилго бол уламжлалт монгол наадмаа шударгаар зохион байгуулж явуулахыг л хүсэж байгаа. Үндэснийхээ баяр наадмын морин уралдааныг зохион байгуулагчид шударга зарчмаар зохин байгуулж чадахгүй байгаад уяачид маань сэтгэл дундуур явдаг. Учир нь эх орны дөрвөн зүг найман зовхисоос монгол адуугаа авчирч улсынхаа наадамд уралдуулахад эрлийз адуутай хамтад нь нийлүүлээд байгаа нь шударга бус байдгийг уяачид хэлсээр ирсэн.
Сур: Удахгүй хэдхэн сарын дараа наадам болно. Тэр болтол дээрх асуудал нэг тийш шийдэгдэх болов уу?
-Төрийн ордонд зохион байгуулагдсан Монголын үндэсний спортын анхдугаар чуулган нь үндэсний спортынхныг нэгдсэн зохион байгуулалттайгаар хамруулан, нэгтгэж чадсан үйл ажиллагаа болсон. Улмаар үндэсний спортыг хөгжүүлэхэд цаашид баримтлах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах тухайгаа албан ёсоор илэрхийлсэн. Уг зарлиг албан ёсоор гарсан тохиолдолд олон ээдрээтэй асуудалд шийдэл өгч, бид үндэснийхээ баяр наадмыг уламжлалын дагуу шударга сайхан зохион байгуулна гэдэгт итгэн хүлээж байна.
Сур: Танд баярлаа. Амжилт хүсье.
Сурвалжлагч: Б.Мөнгөнтуул
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27