МОНГОЛ УЛСАД ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2024-04-26 64 0

1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний алба байгуулагдаж байсан түүхтэй.

Өнөөдөр энэхүү түүхэн өдөрт зориулж Цаг уур, орчны шинжилгээний газрын үе үеийн ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн, баярын хурал зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгал бидний тооцоолж, төсөөлж байснаас хавьгүй хурдтай өөрчлөгдөж байна. Цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг удирдах тогтолцоо бүрдээгүй цагт тогтвортой хөгжлийн аль ч зорилт хэрэгжих боломжгүй. Энэ хэрээр ус цаг уурын байгууллага, тэнд ажиллагсдын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, байр суурь шинэчлэгдэн тодорхойлогдсоор байна. Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа үе үеийн цаг уурч, гадаргын ус судлаач, орчны хяналт шинжилгээний салбарын бүх ажилтан, албан хаагчид Та бүхэндээ түүхт 100-н жилийн ойн баярын мэнд хүргэе” гэлээ.

Сүүлийн жилүүдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдэж 16 орчим тэрбум, урсгал зардал 66 тэрбум болж, цаг уурын улсын сүлжээний автоматжуулалт эрчимжиж, усны судлалын улсын сүлжээний автоматжуулалтын ажлын эхлэл тавигдаж, радарын сүлжээгээ өргөтгөх боломж гарч, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, төрийн үйлчилгээний мэргэжлийн ангилалд орсон зэрэг амжилтуудаар түүхт ойгоо угтаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ