Засгийн газрын 2024.05.22-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах тоо хэмжээ тогтоох тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 2024 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ТГ/399 дугаартай албан албан бичгийн хавсралтад тусгагдсан соёлын зориулалтаар бариулах идлэг шонхрын хуваарийн дагуу 10 аймагтай шонхор гэрээ хийх зөвшөөрлийг БОАЖЯ-нд олгосон. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг олгож шонхор шувуу бариулах ажил хийгдэж байна.
БОАЖ-ын Сайдын 2023 оны А/309 тоот тушаалаар баталсан гэрээний загвар, соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барьсан тухай актын загвараар 10 аймаг гэрээ байгуулж, амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тооцож 100 хувь сумын дансанд төвлөрүүлдэг.
Засгийн газрын 2024 оны 260 дугаар тогтоолоор “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон үнэлгээгээр Идлэг шонхор 26.100.000 төгрөг, өгөөшинд ашиглаж буй хөхөвтөр тагтаа 8900 төгрөг, Монгол ногтруу 9500 төгрөг байхаар үнэлсэн байдаг.
Монгол орны нутаг дэвсгэр дэх идлэг шонхор шувууны нөөцийн судалгааг ШУА-ын биологын хүрээлэнгээс 1990-ээд оны сүүлээс нарийвчлан хийж жил бүр тодорхой тоогоор барих зөвшөөрөл олгож эхэлсэн.
Тус хүрээлэнгийн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрт 10.000 орчим шонхор байна гэж дүгнэж 2024 онд 350 хүртэлх идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулахаар ЗГ-аас тогтоосон.
Шувуу судлаачдын дүгнэснээр Идлэг шонхрын тархцын хязгаар нь Зүүн европоос эхлээд зүүн хойд Ази хүрдэг, ОХУ, БНХАУ, Монгол, Зүүн Европ, Касакстан, Тува зэрэг улсын газар нутгийн дамнан нүүдэллэн амьдардаг бөгөөд 4-9 сард Монголоор дайран Хятадын өмнөд нутаг хүртэл нүүдэллэдэг, энэ үеэр Монгол улсын тал хээрийн газар нутгийн онцлого, таатай нөхцлөөс хамаарч 8-9 сард барихад тохиромжтой байдаг байна.
Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт жил бүр Засгийн газраас баталсан тоо хэмжээ, Яамнаас өгсөн зөвшөөрлийн дагуу шонхор шувуу барьдаг 2022 онд 11 сумын нутгаас 75 шонхор барьж сумдын төсөвт 1 тэрбум 560 сая төгрөг, 2023 онд 10 сумын нутгаас 36 шонхор шувуу бариулж 748 сая төгрөгр төвлөрүүлсэн.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн БОАЖГ