Монгол хөгжмийн зэмсгийн далай их соёлд онцгойлон торойх байрыг “морин хуур” энэхэн цаг дор эзлэх боллоо.
Морин хуураар хөгжимдөх монгол урлаг, морин хуурд суралцах, түүнийг сонирхон судлах явдал өөрийн улс, үндэстний хилийг давж, дэлхийн хөгжмийн амьдралын салшгүй нэгэн үзэгдэл болон хөгжиж буй өрнүүн үйл явцын гэрч бид болж байна. “Хү” хамтлагийн дүрст дуу дэлхийг бүрхсэн цахим орчинд амжилт олж, “баруун” – ы хэдэн арваар тоологдох сая хүний сонирхлыг татан гайхам явдал болж, морин хуур хөгжмийн зэмсгийг олон орон газар таниулж буй тухай Калифорнийн Их Сургуулийн профессор, морин хуур судлаач П. Маршийн хурлын эхэнд хэлсэн үг үүнийг давхар батлана.
Морин хуурын нэр, гарал үүслийн тухай олон хувилбарт домгуудыг хөх толбот хүн бүр өөрийнхөөрөө мэдэх билээ.
Гэсэн хэдүй ч энэхүү нумт – чавхдаст хөгжмийн зэмсгийг тойрсон шинжлэх ухаанч хандлага, судлалын зүг чиг жил ирэх тусам шинэ нотолгоо, баримт, арга зүйгээр баяжин, эх орондоо төдийгүй дэлхийн монгол судлалын төвүүдэд урган цэцэглэсээр байна.
Энэ утгаараа “монгол морин хуурын судлал” нь олон улсын чанартай, монгол судлал, монгол хөгжмийн бие даасан судлагдхуун болон хөгжих төлөв маяг ажиглагдаж байна.
Улаанбаатар хотод 1989 онд анх зохиогдсон “Морин хуурын наадам” хийгээд Морин Хуурын Олон Улсын удаа дараагийн (VI) наадмууд хүрээгээ тэлэн тэлсээр өдгөө Атлант, Номхон Дөлгөөн Их далайг гатлан өртөөлж, АНУ – д буухиа залган, бид бүхэн тус орны нэр хүндтэй их сургууль дээр “морин толгойт молор эрдэнийн хуур” – ын тухайд ийн ном хаялцан сууна аа !
Энэхүү судлаач, эрдэмтдийн хурал – хэлэлцүүлэгт “морин хуур” хөгжмийн зэмсгийн нэрийн утга цаг түүхийн урт хугацааны турш хэрхэн хувьсан өөрчлөгдөж, өнөө хүрч ирсэнийг илтгэхийг зорьлоо.
“Морин хуур” хөгжмийн зэмсгийн нэр, агуулга монгол түмний олон зуун, мянганы соёл, түүхийн явцад утга илэрхийлэл нь өргөн дэлгэр ойголтоос аажим аажмаар хумигдан нарийсч, тодорхой нэг зэмсгийг чиглэн, нэрлэх болсон шиг байна.
Энэхүү “хуур” (ᠬᠤᠭᠤᠷ) хэмээх үгийн утгын хувьсал өөрчлөлтийг харуулахын тулд монгол хөгжмийн соёлын түүхэн үе шатуудаар аялж, шат тус бүрт “хуур” хэмээх үг ямар үүрэг, утгыг агуулж ирэв гэдгийг нягтлан, эргэн шагайх шаардлага гарна.
Ерөөс хөгжмийн соёлын хөгжил, хувьсал нь өөрийн жам ёсны хуулийн дагуу явагдах өвөрмөц үзэгдэл мөн болох ба энэ нь түүхийн шинжлэлийн ерөнхий зүй тогтлоос ихээхэн өөр байдаг нь тодорхой билээ. Иймд монголын хөгжмийн соёлыг .
1. Монгол угсаатан бүрэлдсэн,
2. Эзэнт гүрэн байгуулсан,
3. Шашин дэлгэрсэн,
4. Зохиогчтой хөгжмийн соёлын харилцаа үүссэн үе хэмээн хөгжлийн дөрвөн үндсэн үе шатуудад ангилж болох байна.
Монгол угсаатан анх бүрэлдсэн түүхэн цаг үест бөөгийн унааны үүрэгтэй байсан “хуур” хэмээх эгэл болхи хийц, бүтэцтэй төө хир хэмжээтэй зэмсгийн маань нэр Монголын эзэнт гүрний үеийн цаг үетэй бараг давхцалтайгаар хөгжмийн зэмсгээр дамжин илэрхийлэх хөгжмийн дуу авиа үүсгэх үйлдлийг, мөн зарим тохиолдолд хөгжим гэгчийг бүхэлд нь төлөөлөх, эцэст зөвхөн хөгжмийн зэмсгээр дамжин гарах хөг дууг төлөөлөх болсон шиг байна.
Жишээлбэл: “Хуур дуу”, “хуурдах”, “хуурын дуу” гэх мэт.
Мөнхүү “хөгжим” хэмээх дуу авианы тусламжтайгаар дүр төсөөлөл бүтээх урлаг маань Монголын эзэнт гүрнүүдийн цаг үед “дуу” буюу “хуур” хэмээн хөгжим хэмээх хүн төрөлхтний бүтээсэн анхдагч тулгын гурван чулуу урлаг болох бүжиг, уран зураг зэрэг урлагийн гурамсан төрлүүдийн нэгийг нь бүрдүүлэх хос хоёр баганын нэгийг бас илтгэх утгатай болжээ. Энэ нь иймэрхүү байдлаар харагдана:
Хөгжим = Дуу + Хуур
Энэ нь хөгжмийг нэг бол хүний уушиг цээж, амны хөндий, гавал, өгүүлэх эрхтний оролцоотой дуу гаргаж дуу буюу дуулахуй гэгчийг үүсгэнэ. Нөгөөтэйгүүр байгалийн бэлэн бүтээгдэхүүнээр хүний гар, зохион бүтээх бүтээлч оюун санаагаар урласан авиа гаргах арга, ямар байгалийн бүтээгдэхүүн оролцуулан хийсэн зэргээр ялгаатай багаж, зэвсэгээр хөгжим үүсгэх ба энэ хоёр нийлээд “хөгжим” хэмээхийг бүтээнэ гэсэн утгатай болно.
Монголын Эзэнт гүрний үеээс арай хожуухан баг хаадын үесээс гэхэд “хуур” хэмээх үг маань нэг, эсвэл хос, магад дөрвөн чавхдасыг нумаар нааш цааш таталгаж хөрөөдөн, хавирч хөгжмийн авиа үүтгэх, өөр хоорондоо адил, төстэй заримдаа ялгаа бүхий чавхдаст нумт бүл хөгжмийн зэмсгийг голлон илтгэх болсон шиг байна.
Эдгээр нэрсийг жагсаавал: Чавхдаст нумт хөгжмийн бүл зэмсэгс:
1. ᠠᠮᠠ ᠬᠤᠭᠤᠷ᠃ аман хуур – aman hugur – the “mouth fiddle” (a kind of jew’s harp ).
2. ᠠᠷᠠᠯᠲᠦ ᠬᠤᠭᠤᠷ᠃ аралт хуур – araltu hugur – the “shaft fiddle”.
3. ᠠᠷᠰᠯᠠᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ арслан хуур – arslan hugur – the “lion fiddle”.
4. ᠺᠷᠦᠳᠢ ᠬᠤᠭᠤᠷ᠃ гарьд хуур – kgrudi hugur – the “garudhi fiddle”.
5. ᠳᠦᠷᠪᠡᠨ ᠴᠢᠬᠲᠡᠢ ᠬᠤᠭᠤᠷ᠃ дөрвөн чихтэй хуур – durvon chihtei hugur – the four-eared khuur.
6. ᠯᠦ ᠬᠤᠭᠤᠷ᠃ луу хуур – lu hugur – the “dragon fiddle” .
7. ᠯᠦ ᠲᠦ ᠱᠠᠨᠦᠭᠠᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ луут шанаган хуур – lu tu shanugan hugur – the “dragon ladle fiddle”.
8. ᠮᠠᠲᠠᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ матар хуур – matar hugur – the “crocodile fiddle”.
9. ᠮᠤᠷᠢᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ морин хуур – morin hugur – the “horse fiddle”.
10. ᠰᠤᠭᠤᠬᠦ ᠬᠤᠭᠤᠷ᠃ суух хуур – suguh hugur – the “bladder fiddle”.
11. ᠬᠠᠯᠬᠠ ᠨᠠᠢᠢᠷ ᠤᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ халх найрын хуур – halha naiir un hugur – the “Khalkha-Mongolian banquet fiddle”.
12. ᠬᠠᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хар хуур – har hugur – the “black fiddle”.
13. ᠬᠤᠶᠥᠷ ᠴᠢᠪᠬᠠᠳᠠᠰᠲᠦ᠃ хоёр чавхдаст –hoyor chibhadastu – the “two strings”.
14. ᠬᠤᠯᠤᠰᠤᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хулсан хуур – hulusun hugur – the “bamboo fiddle”.
15. ᠬᠡᠯ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хэл хуур – hel hugur – the “tongue fiddle” (a kind of jew’s harp).
16. ᠬᠢᠯᠭᠠᠰᠦᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хялгасан хуур – hilgasun hugur – the “cattle hair fiddle”.
17. ᠴᠤᠭᠤᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ цоор хуур – tsogor hugur – the “tsoor fiddle”.
18. ᠱᠢᠨᠦᠭᠠᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ шанаган хуур – shanugan hugur – the “ladle fiddle”.
19. ᠲᠠᠮᠦᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ төмөр хуур – tumor hugur – the “iron jew’s harp”.
20. ᠤᠲᠭᠠᠭᠦᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ утгуур хуур – utgagur hugur – the “scoop fiddle”.
21. ᠢᠺᠢᠯ ᠬᠤᠭᠤᠷ᠃ икэл хуур – ikil hugur – the “ikil fiddle”.
зэрэг наанадаж 21 зүйл зэмсгийн нэрс хуучны монгол хэлний тайлбар толь бичгүүдэд таарч байна.
Эцэст нь ХХ зууны II хагасаас “морин хуур” (ᠮᠤᠷᠢᠨ ᠬᠤᠭᠤᠷ) нь хос чавхдаст, модон цартай нэгэн зүйл концертын урлагийн шинэ хөгжмийн зэмсгийг нэрийдэх болов.
“Хуур” хэмээх үг монгол угсаатан анх бүрэлдэн буй болсон хөгжмийн соёлыг үед анх онгод тэнгэртэй очин золгох бөөгийн унаа “шуудан хөх морь” гэх хэрэгслийн утгатай байв. Онгод хэмээх нь Сүнс, Сүр, Сүлд, Хүүр гэсэн үг ойлголттой ойр, утга ойхолцоо юм.
“Аман хуур” (хэл хуур, татах хуур) нь хөгжмийн зэмсэг үүсэхээс өмнө болон үүссэн зааг үеийн хил гортигийг илтгэх хөгжмийн зэмсэг болно. Хүн өөрийн биеийн хэсэг болох амны хөндийг дуу цуурайтуулах цар – хайрцаг болгоно. Иймэрхүү багц зэмсэгсд – хөөмэй, цоорын урлагийн багтааж болох мэт.
Тэрхүү онгод гэгч нь “хуур” хэмээх амны хөндийд цуурайлан, утас болон сэртэнгээр таталган авиа дуу гаргах аман хөгжмийн зэмсгээс гарах авиа, эрчимт долгионыг унаж, орчлон хорвоо даяаар чөлөөтэй зорчих ёстой аж.
Төдөлгүй хөгжлийн дараагийн шатанд буюу монголын эзэнт гүрний хөгжмийн соёлын үед “хуур” нь хөгжим хэмээх бүхэллэг урлагийн дуулахуйн нөгөө тал болох хөгжимдөхүйг илтгэх болжээ.
Э. Никсон, П. Марш нарын угсаатны хөгжим судлал болон хэл шинжлэл хавсарсан судалгааны дүнгээр “Монголын нууц товчоо” (1240), “Юань Улсын судар” (1368 – 1370), Манж – Чин гүрний 3 – 5 хэлний толь” (1708 -1790) – д морин хуур болон морин хууртай төстэй хөгжмийн зэмсэг дурьдагдаагүй байна.
“Төмөр хуур”, “хулсан хуур” гэх зэмсэг дурьдагдах ч энэ нь аман хуурын хувилбар төрөл болно.
Монголын Эзэнт Гүрний хөгжмийн соёлын үеээс хойхно барагцаалбал баг хаадын үеээс “хуур” хэмээх нь хөгжимдөхүй дотор багтах чавхдаст нумт хөгжмийн бүл зэмсгүүдийг бүхэлд нь төлөөлөн нэрлэх болж.
Монголын шашны хөгжмийн соёлын үе буюу Монголын Бурханы шашны зан үйлд “гүр дуу” – г эс тооцвол чавхдаст болон чавхдаст нумт хөгжмийн зэмсгийн аливаа оролцоо, уламжлал алга байна.
Бурханы шашны сүм хийдийн найрал хөгжимд гарын шууны хүчээр дэлдэх, сэгсрэх хийгээд уушгинд сорж авсан агаарыг хүчлэн үлээж, эгшиглүүлэх олон зүйл цохивор хөгжмийн зэмсэгс болон мод, яс, дун, төмөрлөгийг зэрэг хатуулаг байгалийн түүхий эдээр үйлдсэн элдэв үлээх, дуу чангатай хөгжмийн зэмсэг зонхилж байна.
Хамгийн эцэст энэхүү чавхдаст нумт бүл зэмсгийнхээ тухайлсан нэгэн зүйл болох хос чавхдаст, трапец хэлбэрийн цартай тухайлсан нэг хөгжмийн зэмсэгийг нэр болон өмнөө “морин” хэмээх тодотгол авсанаар өдгөөгийн морин хуурт хүрч иржээ.
“Морин хуур” хэмээх хоршоо үг, хөгжмийн зэмсэг Монголд XX зууны хоёрдугаар хагаст бүрэлдэн буй болов.
Зөвлөлтийн хийл урлаач, олон улсын хийл урлаачдын уралдааны тэргүүн байрын шагналт Денис Владимирович Яровой (1921-1991) модон цартай морин хуурыг домогт А. Страдиваригийн урлахуйн эртний нууцат аргад түшиглэн, БНМАУ – ын Соёлын яамны захиалга, хүсэлтээр 1966 – 1967 оны зааг үед Улаанбаатар хотод шинээр зохион бүтээж, бүтэц, хөг, дуу акустикийн физик хэмжилт хийн, анхны стандартыг тодорхойлж, тайлан гаргав.
Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч Гомбодоржийн Жамъян (1919 – 2008) Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн морин хуурын ангийн мэргэжлийн багш хийж байх явцдаа 1978 онд “Морин хуур сурах гарын авлага” нэртэй сурах бичиг зохиож, Европын симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтах морин хийл (оросоор “виолончель”, англиар “cello”) хөгжмийн зэмсгийн хөгжмийн арга барилтай сүлэлдүүлэн, шинээр бүтээсэн морин хуур хэмээх концертын хөгжмийн шинэ зэмсгийн барил, тавил, хурууны дугаар, гамм, арпеджио, дасгалуудыг шинээр сэтгэн зохиож, энэхүү зэмсгээр хөгжимдөх өөрийн дэг сургуулийг үүтгэсэн билээ.
Монголчуудын хөгжмийн соёл дахь “хуур” хэмээх нэрийн соёл- түүхийн хувьсал, хөгжлийг ажиглахуйд хүн төрөлхтний эмпирик танин мэдэхүйн нийтлэг дэвшил хувьсалтай агаар нэгэн байна.
“Хуур” хэмээх нэр – ойлголт нь соёл – түүхийн урт аянд ерөнхийгөөс нарийвчилсан, бүхэллэгээс тухайлсан руу чиглэсэн танин мэдэхүйн логик хандлагтай байна:
ААaa – онгодын унаа > ААа – дан хөгжим > Аа – бүл зэмсэг > а – морин хуур
Ийнхүү бохирч суун хуурддаг хуур маань Г. Жамъян багшийн үеээс матмал сандал дээр сандайлан сууж морин хуурдах болж, улмаар энэ цагийн “Хүннү рок” – оос эхлэн босоо заяат монголын бэлэгээр зогсон, дэлхийн түмэн олонд “Аянга”, “Гал” морин хуураар рок хуурдан наадах болвоо…
“АМЕРИК ДАХЬ МОРИН ХУУРЫН АНХДУГААР НААДАМ – ЭРДЭМ СУДЛАЛЫН ХУРАЛ” – Д ТАВЬСАН ИЛТГЭЛ
АНУ – ын Мичигиан муж,
Анн Арбор хот,
Мичиганы Их Сургуулийн Адиториум лекцийн их танхим.
2019-03-09 -ний
Бямба гараг
/эх сурвалж: Монголын үндэсний урлагийн зөвлөл/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27