
Нийслэл хотноо Интерном их дэлгүүрт 06 дугаар сарын 30-ны өдөр Канадын иргэн, монгол үндэстэн, цуглуулагч Боржигин Хөхбуян, Археологич, доктор До.Болдхуяг нарын хамтарч туурвисан “Даян Монголын Тэнгэрийн хөх шаазан” катологийн нээлт амжилттай боллоо. “Юань улс” гэдэг бол хожим Мин улсын сударчдын өгсөн зохиомол нэр “Да Юань” гэдэг бол Даян Монгол хэмээх монгол үг хэмээсэн Хөхбуян гуайн саналыг хүндэтгэж тус каталогийг ийн нэрлэжээ.
Каталогийн нээлтэд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны секторын эрхлэгч доктор А.Энхтөр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, дэд профессор Г.Гэрэлмаа үг хэлсэн бөгөөд номын нээлтэд:

-Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг,
-Доктор Н.Саруул захиралтай Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн хамт олон,
-Богд хааны ордон музейн дарга Ц.Эрдэнэбаатар,
-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Б.Анхбаяр, доктор Ц.Амгалантөгс,
-Улаанбаатарын Их Сургуулийн багш Хэл бичгийн ухааны доктор Э.Батжавхлан, Болорцомын эзэн яруу найрагч Д.Галсансүх, уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлийн төлөөлөл,
-Завхан аймгийн зохиолчдын “Мөнх огторгуйн чимэг” ТББ-ийн төлөөлөл,
-Монголын үндэсний радио, news.mn сайт, Үнэн сонин, С-1 телевиз, Малчин телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов.
“Даян Монголын Тэнгэрийн хөх шаазан” каталогийг хэвлүүлэх төслийн ажил 2021 оны 10 дугаар сард эхэлсэн бөгөөд төслийн удирдагчаар Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, номын зохиогчоор Канадын иргэн, цуглуулагч Боржигин Хөхбуян, Археологич, доктор До.Болдхуяг, шаазангийн эдлэлийн нэр томьёоны зөвлөхөөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Г.Гэрэлмаа, гэрэл зурагчнаар Д.Хашбаяр, эх бэлтгэгчээр Хуасай Амин нар ажилласан байна.
Тус каталогид Боржигин Хөхбуяны Улаанбаатар дахь хувийн цуглуулгад байгаа Юань улсын үеийн шаазан эдлэлүүдийг голчлон, мөн харьцуулах зорилгоор Тан, Ляо, Алтан, Сүн, Мин, Чин улсын үеийн цөөн хэдэн шаазан эдлэлийн зургийг оруулсан бөгөөд уг каталогийн онцлог нь Монголчуудын байгуулсан Юань улсын үед Монгол хаадын зарлигаар бүтээсэн шаазангуудад ХХ зууны хоёрдугаар хагаст Хятадын судлаачдын өгсөн хятад нэрийг хэрэглэлгүй, Тэнгэрийн хөх, Сүүн цагаан, Хашийн ногоон, Гал улаан, Хасын цагаан гэх мэт монгол нэр өгч, шаазан эдлэлүүдэд хэлбэр дүрс, үүрэг зориулалтаас хамаарч бутан, хотго, цозон, хумбага гэх мэт монгол нэр оноосон явдал юм.
Энэхүү каталогийн шинжлэх ухааны ач холбогдол нь Монгол нутагт XIX зууны сүүл үеэс хойш өнөөг хүртэл гурван зуун дамнан 150 шахам жил үргэлжилсэн археологийн малтлага судалгаагаар цугласан болон хожим хойшид илэрч олдох шаазан эдлэлийн нэр, учир холбогдол, холбогдох он цагийг зөв тогтоох, тухайн шаазан эдлэл олдсон дурсгалын он цагийг тогтооход лавлагаа, эш баримт болох бүтээл юм.
/эх сурвалж: Чингис хааны өв, соёлын хүрээлэн/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27