Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.Ариунбатаас ноолуурын дуудлага худалдааны талаар тодрууллаа.
-Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Хөдөө аж ахуйн бирж нь ноолуурын дуудлага худалдааг тодорхой аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ 3 дугаар сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаас эхлэн зохион байгуулна. Ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
Бид аймгийн төвүүд болон зарим сумдад дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа хангаад байна. Одоо дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэлийг эхлүүлээд байна.
-Дуудлага худалдаа ямар зарчмаар явагдах вэ?
-“Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явагдана. Худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгөх бөгөөд үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалга биелнэ. Үнэ, хугацаа гэсэн дарааллыг мөрдөж, төлбөр тооцоог захиалгад өгсөн үнийн саналаар гүйцэтгэнэ.
-Аль аль аймгуудад, хэзээ зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болоод байна. Дорнод аймагт 3 дугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт 3 дугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт 4 дүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Тухайн аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцөн хугацааг товлож гаргасан. Нэг аймагт дунжаар 5 хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулна.
-Дуудлага худалдаанд хэн оролцох боломжтой вэ. Оролцогчдод ямар нэгэн шаардлага, шалгуур тавигдах уу?
-Дуудлага худалдаанд сонирхсон бүх этгээд оролцож болно. Малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бүх хүмүүс нээлттэй оролцох боломжтой. Дуудлага худалдаа нь Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны журмын дагуу явагдана.
Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн 1 сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд байршуулж, баталгаажуулалт хийнэ. Энэ нь төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж эхлээд байна.
-Дуудлага худалдаанд малчид, хоршоод оролцсоноор зах зээлийн боломжит үнээр ноолуураа борлуулах боломжтой юу?
-Малчид, хоршоод бэлтгэсэн ноолуураа авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авах бөгөөд үүнийг дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур нь аль бүс нутгаас гаралтайг гэрчилнэ. Худалдаанд оролцогч малчид, хоршоод ноолуурын доод үнээрээ захиалга хийх ба худалдан авах сонирхол бүхий үйлдвэр, бусад худалдан авагч нар тухайн үнээс дээш дуудаж өрсөлдөх учраас үнэ ханшийн хувьд зах зээлийн бодит үнээр борлуулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.
-Худалдан авагчдад ямар давуу талтай вэ. Худалдан авагчид нь үндэсний үйлдвэрүүд байх уу?
-Дуудлага худалдаанд гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрснөөр худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай.
Үндэсний үйлдвэрүүд болон ноолуурын худалдаа эрхлэгч бүх этгээд Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гарган оролцох боломжтой.
-Бусад аймгуудад дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах вэ?
-Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тухайн бүс нутгийн ноолуурын гарц болон цаг агаарын байдал зэргийг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлон нийтэд мэдээлэл хүргэнэ.
-Дуудлага худалдаа зохион байгуулсны үр ашиг юу байх вэ?
-Цаашид сум, орон нутаг бүр өөр өөрсдийн ноолуурыг төвлөрүүлэн дуудлага худалдаагаар боломжит үнэ ханшаар зарах боломжуудыг нээж өгч байна. Мөн худалдан авагч, үйлдвэрлэгчид нэг газраас төвлөрсөн ноолуурыг худалдан авснаар цаг хугацаа, санхүүгийн зардал хэмнэх, өөрөөр хэлбэл сум, баг бүрээр явж ноолуураа цуглуулах зардлыг хэмнэж, дуудлага худалдаанд оролцон шууд худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч болон гаднын худалдан авагчид дэлхийн аль ч улс орноос цахимаар шууд оролцох боломжтой болж байна.
Энэхүү дуудлага худалдааг жил бүр зохион байгуулснаар цаашдаа худалдагч болон худалдан авагч нарт томоохон ач холбогдолтой, үр ашигтай үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27