Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна (tsag-agaar.gov.mn).
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
23.9 % – 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
15.6 % – 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
34.4 % – 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
7.7 % – 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
18.4 % – 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөгөвь, Өвөрхангай аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.
Энэ жил баруун болон өмнө зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай, баруун ба төвийн нутгаар сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Бугат, Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Увсын Сагил, Улаангом, Тариалан, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Ховд, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Шарга, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Өлзийт, Баянгол, Төгрөг, Төвийн Баянхангай, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Мандал-Овоо сумд хамрагдаж байна.
Харин Баян-Өлгийн Алтай, Дэлүүн, Ногооннуур, Булган, Увсын Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Хяргас, Ховдын Дөргөн, Мөст, Булган, Зэрэг, Завханы Баянтэс, Сонгино, Эрдэнэхайрхан, Алдархаан, Говь-Алтайн Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Богд, Хөвсгөлийн Төмөрбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Богд, Сант, Булганы Баяннуур, Төвийн Дэлгэрхаан, Баяндэлгэр, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Ноён, Булган, Цогтцэций, Хүрмэн, Баяндалай, Ханбогд Дорноговийн Мандах, Сайхандулаан, Даланжаргалан сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 34 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27