“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2023 онд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг батлан, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг урамшуулахаар шийдвэрлэж, болзол хангасан 41 багшид 109 сая төгрөгийн урамшуулал олгосон юм. Манай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээр 2022 онд 18 дугаар байрт жагсаж байсан бөгөөд тус хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 онд улсад 10 дугаар байрт, 2024 онд мөн байраа тогтвортой хадгалаад байна.
Дээрх үр дүнд тулгуурлан боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад “Багш нарыг багаар нь урамшуулах” хөтөлбөр нь үр дүнтэй гэж үзсэн тул энэ онд “Дундговь – Боловсролын чанар” хөтөлбөрийг хэрэгжүүлж, элсэлтийн шалгалтаар тэргүүлсэн багш нар төдийгүй сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын бүх багш нарыг хамруулан, орон нутагтаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нараа дэмжин урамшуулахаар журамд өөрчлөлт оруулж, хэрэгжүүллээ.
Ингэснээр энэ онд элсэлтийн ерөнхий шалгалтад багийн оноогоороо улсын дунджаас дээгүүр, судлагдахууны дундаж оноогоороо улсад тэргүүлсэн монгол хэл, физик, нийгмийн ухааны багш нарыг болон аймгийн хэмжээнд баг бүрдээгүй боловч дундаж оноогоороо улсын дунджаас дээгүүр, өөрийн сургуулийн сүүлийн гурван жилийн дундаж оноог ахиулсан багш нарыг урамшуулав. Түүнчлэн орон нутагтаа тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын багш нарын баг, удирдах ажилтны багийг журмын дагуу шалгаруулан нийт 350 сая төгрөгийн урамшуулал олгожээ.
Түүнчлэн аймгийн Засаг даргын зүгээс сүүлийн гурван жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай дүн үзүүлсэн 118 сурагчид тус бүр 500,000 төгрөгийн урамшуулал олгосон юм.