Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансарын туннел орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.
Мөн Сансарын туннел орчинд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр 2023 онд 32 камерыг шинээр суурилуулсан байна.
Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй Сансарын туннел орчинд өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгдэж, цаашид бусад хороодод эмзэг цэг байршлуудад үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.
Жишээлбэл: Өнгөрсөн сард буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07:26 цагт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирснийг эрэн сурвалжлах ажиллагааг дээрх камерын тусламжтай зохион байгуулж 60 настай, иргэнийг өсвөр насны 2 хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.