“Онцгойн” Мөнхцэцэг, Орхонтуул сумын Рашаант тосгон гэх буйдхан газар амьдардаг. Ер түүнийг тосгоныхон Онцгой байдлын газар гэж төсөөлдөг ч байж магад. Учир нь гал гарвал, хүн төөрвөл, заримдаа хүн төрвөл түүн рүү л залгадаг. Мөнхцэцэг харин цааш нь мэдээлж, дуудлага өгнө. Алс буйд газрын ажин түжин амьдралыг хүний хөл, машины хөдөлгөөнөөр “дардаг” Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын V ангийн 018 дугаар цэгийн нөөцийн барааны нярав, дэд ахлагч С.Мөнхцэцэгийг Нематаймс онцолж байна.
Тэрээр Өвөрхангайд төрж, Улаанбаатарт суралцаж, Дарханд сувилагчаар, Сэлэнгэд улс орныхоо үр тарианы нөөцийг хадгалж, хамгаалж яваа. Монгол хүн бүрийн, хүн төрөлхтний хоол хүнсний эх үүсвэрийн нөөц гэдэг бол тухайн улсын хүч чадал, баялаг нь. Энэхүү хүч чадал, баялгийн “харуул” С.Мөнхцэцэгийн эгэл амьдралын хуудсуудыг хамтдаа сөхөцгөөе.
-Намайг Сэрээжавын Мөнхцэцэг гэдэг. Дунд сургуулиа төгсөөд Анагаах ухааны Сувилахуйн сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Хуучнаар Эх, нялхаст хүүхдийн сэхээх тасгийн сувилагчаар ажиллаж байгаад Дарханы нэгдсэн эмнэлэгт шилжин ажилласан юм. 1999 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу нүүж, 2004 онд Улсын нөөцийн салбар гэдэг нэртэй байхад нярваар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Цэцээ гүн дээд сургуулийг санхүү, менежментийн мэргэжлээр төгсөж, одоо Дарханы Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрт суралцаж байна.
-Миний ханийг О.Саруул гэдэг. Бид гурван хүүхэдтэй. 85 настай аавынхаа хамт амьдарч байна. Ээж минь намайг аравдугаар ангиа төгсөх жил өөд болсон. Хэрвээ ээж минь байсан бол би өдийд эмч болчихсон яваа. Ээж өнгөрөөд би анагаахын дээдэд орж чадаагүй, сувилагч болчихсон юм. Гэхдээ би одоогийнхоо ажилд дуртай. 20 жил энгийнээр ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн цол зүүж, дэд ахлагч болсондоо туйлын сэтгэл хангалуун яваа. Уг нь би энгэрээрээ дүүрэн шагналтай л даа. Гэхдээ тэр бүх шагналаас мөрдэс минь илүү бахархам санагддаг.
-Үр гэдэг амьд организм. Тиймээс агуулах дүүрэн амьд биетийг эрүүл, чанарын шаардлага хангахуйц байлгана гэдэг нөр их хөдөлмөр, асар их хариуцлага шаарддаг ажил. Үрийн улаан буудайгаа агуулахдаа сэлгэлт хийж сэлгэн байршуулж агуулахын тeмпeратур харьцангуй чийгийг тогтмол үзэж агааржуулалтыг хийдэг. Бид өмнө нь агуулахад хадгалагдаж байгаа нөөцийн бараа матeриалаар гараараа хүрзээр сэлгэдэг байсан. Улсын нөөцийн удирдлагууддаа хэлж санал тавьж байгаад “Ачигч-100” гэдэг тоног төхөөрөмжтэй болсон. Ер нь бидэнд техник тоног төхөөрөмж гэдэг туйлаас чухал. Манайд механикаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ж.Лхагвасүрэнгийн гараар буюу ганц хүний гараар эдлэгдсэн болохоор манай техник тоног төхөөрөмж ажиллагаа сайтай. Энэ хэвээр нь дараагийнхаа хүмүүст хүлээлгэж өгөх юмсан гэж хичээж яваа.
-Манай цэгийн хамт олон байгалийн гамшгийн улмаас тариалах үрээ нөөцөлж чадаагүй газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнд стандартын шаардлага хангасан үрийн улаан буудайг нийлүүлдэг. Мөн нөөц шинэчлэх, бүрдүүлэх, үрийн агуулахын бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг явуулдаг. Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу 2004-2024 оны хугацаанд 192 аж ахуйн нэгж, иргэдэд 3650 тн үрийн улаан буудай олгожээ. Энэ хугацаанд хамтран ажилласан хүмүүс, үe үeийн Улсын нөөцийн газрын дарга удирдлага мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууддаа үргэлж дэмжиж тусалдагт баярлаж явдгаа илэрхийлье. Ер нь манай Онцгойгийнхон бие биеэ гэсэн халуун сэтгэлтэй, тусархаг хүмүүс.
-Би сагс тоглодог, гүйж харайх дуртай. Манай залуус тэмцээн уралдаан гээд хаана явна, би хамт л явж байдаг юм. Ковид 19, малын гоц халдварт өвчний үeд сумынхаа мэргэжлийн анги бүлгийг удирдлагаар ханган ажиллаж байв. Одоо ч гэсэн сум, орон нутгийнхаа Шуурхай штабт орлогч даргын үүрэг гүйцэтгэж, өвөлжилт хүндэрсэн малчин айл өрхүүдтэй холбогдох, судалгаа тоо гаргах, хандив тусламж хүргэх ажилд гар биe оролцоод явж байна. Сумандаа гарсан гал түймэр, үeр усны аюул, гол усанд хүн эрсдэх үeд алба хаагчидтайгаа мөр зэрэгцээд л хамт ажиллачихдаг. Дуулах дуртай, хааяа дөрвөн мөрт зохиочихдог. Үнэнч шударга байх, хүний итгэлийг алдахгүй байх сан гэдэг амьдралын зарчимтай. Бас үргэлжид суралцахыг, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийхийн төлөө махран зүтгэдэг зантай. Анх надад санал тавьж энэ ажилд хөтөлж оруулсан Ням-Од даргынхаа зааж сургаж, чиглүүлснээр одоо хүртэл ажиллаж явна даа.