Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллагууд улс орон, нийт иргэнийхээ нийтлэг ашиг сонирхлын төлөө хууль дээдлэх зарчим, эрх зүйт ёсыг бэхжүүлэх, эрх зүйг хөгжүүлэхэд хуульд заасан хүрээнд хамтран ажиллах, харилцан мэдээлэл, санал солилцохын ач холбогдол их.
Өнөөдрийн энэ уулзалт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо өөрчлөгдөж, УИХ-аас баталсан Шүүх байгуулах тухай хууль удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа болон сонгуулийн шинэ тогтолцооны дагуу парламент бүрдэж үйл ажиллагаагаа эхэлж байгаа үетэй давхцаж байгаагаар онцлог юм.
Хууль дээдлэх, эрх зүйт ёсыг бэхжүүлэх нь төрийн байгууллагын эрхэмлэх зарчим мөн. Төр үүгээрээ эрх зүйд итгэх иргэдийн итгэлд чухал үүрэгтэй. Энэ утгаараа шүүх үйл ажиллагаагаараа иргэдийн итгэлийг хүлээсэн байх нь чухал юм.
УИХ-аас шүүхийн байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг бий болгоход дэмжин ажиллана.
Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй ч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэх юм.
Аливаа хэрэг, маргаан шүүхийн тувшинд удааширч, иргэдийг чирэгдүүлдэг
байдал шүүгч, өмгөөлөгчөөс болж байна уу, эсвэл хууль тодорхойгүй, ойлгомжгүйгээс шалтгаалж байна уу гэдгийг ил тод ярьж, шийдэх цаг нь болжээ.