Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төв 100 жилийн ойг тохиож байна

2024-05-27 75 0

Монгол Улсын ууган асрамжийн байгууллага болох Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төв үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болов.

Тэртээ 1924 онд маршал Х.Чойбалсангийн санаачлагаар нийслэл хүрээнд анхны асрамжийн газар байгуулагдсанаар төрөөс зайлшгүй харж хандах шаардлагатай ахмад настны амьдралын баталгааг хангах зорилго бүхий төрийн зохицуулалттай төвлөрсөн асрамжийн газруудын бүтэц, тогтолцоо бүрдсэн.

Үүнээс хойш нийслэл хотод 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаад 1957 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал шилжиж, дараа нь 1967 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянголын ам” гэдэг газар нүүлгэн шилжүүлсэн цагаас өдгөө Ахмад настны үндэсний төв болтлоо өргөжин 100 жилийн түүхийг бүтээжээ.

Өнөөдөр тус байгууллага нь ахмад настны асрамжийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан барилга байгууламж, орчин нөхцөл, хүний нөөц бүхий ахмадуудад асаргаа сувилгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, нийгэм, сэтгэл зүй, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний томоохон асрамжийн газар болон өргөжсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагнав.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад ажилтнууд, ажилтан албан хаагчдад төрийн одон, медаль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагнал гардууллаа.

Төвийн 100 жилийн ойг тохиолдуулан ахмад настнууд, үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, ажилтан албан хаагчид Та бүхэндээ халуун баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ