“ЭЛЕКТРОН ЦАЦРАГИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт үндэсний семинарыг зохион байгууллаа

2024-10-09 28 1

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн 4.2 дахь зорилтод “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна”, 8.3 дахь зорилтод “Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэж тус тус заасан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн салбар дахь цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэн хөгжүүлж, тус салбарын эрдэм шинжилгээний байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын хамтын ажиллагааны хүрээнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинат ТӨУҮТГ зэрэг байгууллагуудад Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллага болон Азийн цөмийн хамтын ажиллагааны форум зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал УГТХ-д Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Техникийн хамтын ажиллагаа (ТХА)-ны хөтөлбөрөөр “Ургамлын мутацын селекци” төслийг хэрэгжүүлснээр цөмийн технологийг идэвхтэй ашиглах эхлэл тавигдсан юм. Үүнээс хойш хөдөө аж ахуйн салбарт нийтдээ ОУАЭА-ийн 3.5 сая ам.долларын санхүүжилтээр 8 үндэсний төслийг  амжилттай хэрэгжүүлсэн байна.

Газар тариалангийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд ХААИС-ийн харьяа УГТХ-д үр тарианы таримлын селекцийн судалгааг хөгжүүлж, мутацийн селекцийн арга технологийг нэвтрүүлэн, мутагенийн үйлчлэлээр үр тарианы 14 шинэ сорт, 1800 гаруй мутант төрөл гарган авсан бол малын бэлчээр, тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор цези-137, берилли-7 зэрэг изотопыг ашиглан хөрсний элэгдэл, эвдрэлийг үнэлж, хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга зүйг боловсруулж, 6 төрлийн бактерийн бордоо гарган авсан. Эдгээрийн нэг болох ризобактерийн био-бордоогоор үр тарианы ургацыг усалгаатай нөхцөлд 11.3-40.9%, усалгаагүй нөхцөлд 11%, хүнс ногооны ургацыг 11.3-83% хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар жилдээ 10-15 тонн бактерийн бордоо үйлдвэрлэж, төвийн бүсийн аймгуудад нийлүүлж байна.

Мал аж ахуйн чиглэлээр хэрэгжсэн үндэсний төслүүдийн хувьд, УМЭАЦТЛ-д малын шүлхий, бруцеллёз, ям, сүрьеэ өвчний тархалтын судалгааны төслийг хэрэгжүүлж, зарим өвчнийг эмчлэх бэлдмэл үйлдвэрлэх туршилтын шугам байгуулан 230 мянга орчим вакцин үйлдвэрлэн зүүн бүсийн  аймгуудад нийлүүлсэн байна. Малын шүлхий өвчнийг цөмийн технологийн аргаар оношилж эмчилснээр Монгол Улс малын гоц халдварт мялзан өвчнөөс бүрэн ангижирсныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага 2010 онд сайшаасан байдаг. Түүнчлэн “Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчний эрт, шуурхай оношилгоо, “Хил дамнан халдварлах малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох болон хүнсний аюулгүй байдлын статусыг сайжруулахад шинэ технологи нэвтрүүлэх нь”, “Цөмийн болон бусад аналитик арга ашиглан хүнсний бүтээгдэхүүний эмийн болон химийн үлдэгдлийг шинжлэхэд лабораторийн чадавхыг сайжруулах”, “Монгол улсын ноолуурын ямааны үржлийн генетик судалгаа” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн онош нь тодорхойгүй малын өвчин, хордлогыг нарийн зөв оношилж, өвчний гаралт, тархалттай тэмцэх, дасан зохицох, даван туулах олон аргат хувилбар боловсруулж цаашид урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх эхлэл суурийг тавьсан бөгөөд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношилгооны бэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх чадамжтай болсон юм.

Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж аж ахуйн салбарт цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппарат, техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, инноваци хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ийн хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Цаашид хүнс, хөдөө аж аж ахуй, анагаах ухааны салбарт цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппаратыг хэрэглээнд нэвтрүүлснээр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэл, бүх төрлийн үр, үр тариа, таримал ургамал, хүнсний нарийн, бүдүүн ногоо, бордоо, үр ургамал хамгааллын бодис, мах, махан, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, савласан бүтээгдэхүүний гадаргын ариутгал, халдваргүйтгэл хийх боломж бүрдэх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин эрүүл мэнд, эмчилгээний салбарт электрон цацрагийн технологи, түүний хэрэглээг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Координаторын багаас Ази Номхон Далайн Бүсийн Хамтын Ажиллагааны газарт хүсэлт хүргүүлсний үндсэн дээр энэ удаагийн Үндэсний семинарыг зохион байгуулж байна.

Үндэсний семинарт АНУ-ын Техасын их сургууль, Техасын үндэсний электрон цацрагийн судалгааны төвийн шинжээчид, зөвлөхийн баг оролцохоор хүрэлцэн ирсэн нь Монгол Улсад цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппаратыг хэрэглээнд нэвтрүүлэхэд томоохон дэмжлэг түлхэц үзүүлэх, ахиц дэвшил, үр дүн, боломжийг бүрдүүлж байгаа юм.

АНУ-ын Техасын их сургууль, Техасын үндэсний электрон цацрагийн судалгааны төвийн шинжээчид, зөвлөхийн баг нь Монгол улсад электрон цацрагийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр шарлагын аппаратын байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.

One response to ““ЭЛЕКТРОН ЦАЦРАГИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт үндэсний семинарыг зохион байгууллаа”

  1. Üsküdar su baskını önleme Tıkanıklık sorunuyla karşılaştığımızda, bu firma ile iletişime geçtik ve doğru tercih yaptığımızı anladık. Profesyonel ekip, sorunumuzu kısa sürede çözdü ve bize büyük bir yardımcı oldu.Teşekkür ederiz! https://socioarcade.net/read-blog/253

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ