Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхт 90 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал өнөөдөр тус аймгийн “Сүхбаатар партизаны талбай”-д боллоо.
Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б. Ууганбаяр, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах болон аймаг, орон нутгийн удирдлагууд, үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцсон юм.
Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэйгээр шүхрийн буулт хийлээ.
Анх 1934 оны наймдугаар сарын 22-ны Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд зааснаар БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газраас гаргасан 633 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн “Дотоодыг хамгаалах газар”-ын дэргэд “Галын аюулаас хамгаалах” таван гишүүнтэй комиссыг байгуулснаар суурь нь тавигдаж, өдгөө 90 жилийн ойтойгоо золгож байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь 9 салбар нэгжтэй, орчин цагийн гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдан, аймгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулж байгаа юм.