Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.02-ноос 05-ны өдрүүдэд) 29,115 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 202 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, бусад 7 хэрэг байна.
-Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 7, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 24, сураггүй алга болсон хүн 29, шүүхээс даалгасан хүн 33, зөрчил үйлдсэн 13 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
-Хүүхдийн эрхийг зөрчсөн 69 иргэнд 20,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 158 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Ц” нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан эрүүгийн хэргийн шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр тус дүүргийн шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Г” нарын 10 хүн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна жолооч нар хоорондоо маргалдаж, зодолдсон үйлдэлд иргэн “Н” гэгчид Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.