Сайнцагаан сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Сумын ИТХ-аас баталсан “Хүний нөөцийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 10 англи хэлний багшид Филиппин улсад нэг сарын англи хэлний сургалтад хамрагдах тэтгэлэг олголоо. Энэхүү хөтөлбөр нь багш нарын мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд багш бүр сургалтад орж, сурагчдын англи хэлний чадварыг сайжруулан ажиллахаа илэрхийлэв.

“Хүний нөөцийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2025 онд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон Боловсролын ерөнхий газраас хэрэгжүүлсэн байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ болон Магадлан итгэмжлэлийн шалгалтаар өндөр үнэлгээ авсан удирдлага, багш нар болон албан хаагчдад нийт 144 сая төгрөгийн урамшуулал гардуулан өглөө.

Мөн зөвлөгөөнд багийн спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулж, төрийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулав.
Түүнчлэн сургалтад “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Г.Наранбаатар “Жаргалтай амьдрах зориг” болон “Хүний хандлага, ёс зүй, зан төлөв” сэдвээр цогц сургалт явуулсан бөгөөд оролцогчид амьдралдаа зөв хандлага төлөвшүүлэх, эерэг зан төлөвийг хөгжүүлэх арга замууд болон хувь хүний сэтгэлзүйн өсөлт, ажлын амьдралын тэнцвэрийг хадгалах талаар практик зөвлөгөө авсан юм.

Эх сурвалж: Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргын тамгын газар

