“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2024-05-01 234 0

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэг нь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” юм.

Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр” өдөрлөгийг зохион байгуулж, Монголын Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийнхаа хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, , Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Санхүүгийн зохицуулах хороо, өмгөөллийн “Эм Жи Эл атторнейс”, “Легал гайд” ХХН, МУИС-ийн Практик сургалтын төв, Шихихутуг их сургууль зэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд зарим байгууллага төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Түүнчлэн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянгол, Сэлбэ, Баянхошуу зэрэг салбарт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ