“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ООР ШАГНАГДЛАА

2024-05-24 162 0

Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.

????Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Эх орны зүрх, гал голомт болсон нийслэлээрээ овоглож, нийслэлийн иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 48,803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, нэг их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно.

Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь улам мандан бадрах болтугай” гэлээ.

????Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын цөм болсон Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо ажил, үйлсээ тайлагнаж байгаад баяртай байна. Үе, үеийн алба хаагчдын манлайлал, ур чадвар, аврагчдын сэтгэл, зүрх бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцлов.

????Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж буйд чин сэтгэлээсээ талархаж, нийслэлийн иргэдийн өмнө та бүхний хүлээсэн үүргийг төр засгаас өндрөөр үнэлсэн үйл хэрэг хэмээн бахархан хүлээн авч байна. Бусдын төлөө амь хайрлахгүй зүтгэдэг Онцгой байдлын албаны Онцгой дайчид та бүхэндээ дахин баяр хүргэж, амжилт бүтээлээр дүүрэн, аюул бүхнээс ард иргэдээ авран хамгаалах ариун буянтай үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе” гэлээ.

????Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Тус газар нь 20 жилийн хугацаанд улсын хэмжээний гал түймэр, аюулт үзэгдэл, ослын нийт дуудлагын 35.9 хувь, аварсан эрдэнэт хүний 47.3 хувь, авран хамгаалсан эд хөрөнгийн 80 гаруй хувийг тус тус эзэлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын ариун үйлс, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх танд нийт бие бүрэлдэхүүн, хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Онцгой байдлын байгууллагын үе, үеийн аврагч, гал сөнөөгчид, тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд, хамтран зүтгэгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, хамт олон, нийт бие бүрэлдэхүүндээ болон гэр бүлд нь Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ