
Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав Баянхутаг сумын өвөлжилт хүндэрсэн зарим айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцлаа. Малчдын хувьд төр засгаас зам гаргаж өгсөн нь өвс тэжээл, бензин шатахуунтайгаа золгуулахад их нэмэр боллоо. Ямаа хээл хаяад, хонь хээлээ хаяж чадахгүй байгаа тул эм хонь их хоргодож байна. Цаашлаад сэг зэмийн устгалыг малчид, иргэд, төр хамтарч хурдан зохион байгуулахгүй бол дороосоо ялзарч байна гэх мэт асуудлуудыг онцлон хэлж байлаа. Мөн малчдад үүрэн холбооны сүлжээ хамгийн их тулгамдаж байна гэсэн юм.

Тодруулбал сумын төвөөсөө зайтай сүлжээгүй газар амьдардаг малчдын хувьд утсаар ярихын тулд машинаар сүлжээтэй газар очдог, аймаг сумынхаа төвд хүрэх шаардлага гардаг байна. Ялангуяа энэ зудын үед цаг агаар, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй авахын тулд интернэт, сүлжээ хэрэгтэй байгаа бөгөөд гэрээсээ сүлжээ авдаг айлуудын хувьд алдаг оног байдаг. Тиймээс үүрэн холбооны сүлжээг бий болгох, өргөжүүлэх, сайжруулж өгөхийг аймгийн даргад уламжиллаа.

Харин аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав яриандаа аймгийн хэмжээнд 89 баг байдаг. Үүнээс судалгаа хийгээд эхний ээлжид 10 гаруй газарт сүлжээ нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, тендерийг зарлах гэж байна гэлээ. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 300 кг 2500 ш өвсийг хямд үнээр малчдад хүргэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор эхний 2 машин гарсан. Харин сэг зэмийг нэн даруй ариутгаж булшлахгүй бол хүнд өвлийг давсны эцэст малын өвчин гарах эрсдэл өндөр байгаа тул аймаг, орон нутгаас сэг зэмээ устгах тал дээр төлөвлөгөө боловсруулж байна зэрэг малчдад мэдээлэл өглөө. Мөн өрх тус бүрд нэг шуудай хивэг, нэг шуудай улаан буудай, хүнсний болон эмэгтэйчүүдийн багцыг сэтгэлийн дэм болгож өгсөн юм.