2024 ОНД БОЛГАР, УЗБЕКИСТАН, ИРАН ЗЭРЭГ ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН ДУНДАД АЗИЙН УЛСУУДТАЙ АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА

2024-03-20 59 0

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хэчнээн улстай автотээврийн хэлэлцээр байгуулсан бэ?

-Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022-2024 онд Словак, Польш, Холбооны Бүгд Найрамдах Герман улстай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.

Мөн 2023 онд 2011 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурсан.

-Ер нь нэг улстай автотээврийн хэлэлцээр байгуулахад хэчнээн хугацаа шаарддаг вэ?

Хоёр улсын автотээврийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд учир процессын хувьд нэлээн уддаг ялангуяа европын холбооны улсуудтай байгуулах хэлэлцээрүүд төслийн шатанд санал тохиролцох хугацаанд уддаг.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахад багагүй хугацаа шаардаддаг хамгийн сүүлд 2024 оны хоёрдугаар сард Холбооны Бүгд найрамдах Герман улстай байгуулсан хэлэлцээрийг авч үзэхэд 2017 оноос хойш хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил хангаж, санал солилцож, хэд хэдэн удаагийн уулзалт хийж ажилласан.

Ингээд үзэхэд багадаа 5-6 жилийг зарцуулсан байна. Мөн 2022 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн Сайд германы талтай уулзалт хийж идэвхитэй хамтран ажилласаны үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгууллаа.

-Хэлэлцээрүүд байгуулахын ач холбогдол нь юу вэ?

-Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар монголын тээвэрчид Европын болон бусад улсуудруу дамжин тээвэрлэлт гүйцэтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болгож байна.

Ингэснээр Монгол Улсын гадаад худалдаа өргөжих, Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэнэ.

ХБНГУ-тай байгуулсан автотээврийн хэлэлцээр гэхэд олон улсад тээвэрлэлт хийж байгаа тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах, төлбөр, татвар, хураамжаас чөлөөлөх асуудлыг тусгаж өгсөн нь давуу талтай.

Мөн Уг хэлэлцээрээр шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заагдсан.

Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгслийг худалдан авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой болно бид харж байна.

Дээр хэлсэнчлэн 2023 онд БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 11 жилийн дараа шинэчилсэн.

Үр дүнд нь БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч орон руу тээвэр хийх, дундад азийн орнууд руу тээвэр хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Монголын тээвэрчид хятадын нутгийн гүнлүү ачаа, зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн.

2017 онд олон улсын автотээвэрлэлтийн 1 хувийг л монгол тээвэрчид эзэлж байсан.

Олон Улсын автотээврийн хэлэлцээрүүдийг байгуулж шинэ гарцуудыг бий болгосноор 30 орчим хувийг эзэлж байна. Цаашид ч олон улсын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэнэ гэж харж байна.

-Саяхан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын урилгаар Германы цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад айлчилсан. Хоёр талын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх асуудал энэ хүрээнд яригдаж байсан?

-Герман улстай олон улсын ачаа тээвэрлэлтэд хэлэлцээрийн хүрээнд зөвшөөрлийн бичгийн хүрээнд тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлж байна. Харин Германы цахим хөгжил, тээврийн сайдын айлчлалын үеэр тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг хөндөн ярилцсан.

Хоёр тал жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрсөнөөр хувийн тээврийн хэрэгслэл, аялал жуулчлалын зорилгоор зорчиж байгаа иргэд болон тухайн улсад түр хугацаанд амьдрах иргэдэд нэлээн чухал ач холбогдолтой.

Энэ асуудлыг ойрын хугацаанд хоёр талын холбогдох байгууллагууд ойрын хугацаанд албажуулахаар ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар монгол тээвэрчид хэдэн улстай тээвэр хийдэг вэ?

Манай улс өнөөдрийн байдлаар 14 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, зарим улсуудтай зөвшөөрлийн бичиг солилцон нийт 21 улстай олон улсын авто тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

-Цаашид хэчнээн улстай хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна?

2024 онд Болгар, Узбекистан, Иран улстай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн ХБНГУ-тай хэлэлцээр байгуулсанаар Чех улстай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллаж байна.

Цаашид Гүрж, Франц, Итали, Австри, Хорват, Болгар, Узбекистан, Румын, Серби, Молдав зэрэг Европын улсуудтай, мөн дундад Азийн орнууд болох Азербейжан, Туркменистан, Пакистан, Иран зэрэг 10 гаруй улсуудтай Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээг эхлүүлж, хэд хэдэн улстай хэлэлцээрийн төслийг эцэслэхэд бэлэн болоод байна.
Зарим улстай нь хэлэлцээрийн төслийг урьдчилан тохирч, бэлтгэл ажлыг хангасан байгаа. Тун удахгүй гарын үсэг зурж албажуулахад бэлэн болно.

Мөн Олон улсын гэрээ, хэлэлцээрийн хувьд “Хүнсний түргэн муудах бүтээгдэхүүний олон улсын тээвэрлэлт ба энэхүү тээвэрлэлтэд зориулагдсан тусгай тоноглолын талаарх олон улсын хэлэлцээр” болон “Аюултай ачаа тээвэрлэлтийн олон улсын хэлэлцээр”-т тус тус нэгдэн орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хэлэлцээрүүдийн үндсэн агуулга, зорилго нь хөрш зэргэлдээ болон Европын орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, олон улсын тээврийн эрх зүйн хэм хэмжээнд нэгдэх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ