Улиастай сумын хэмжээнд дулаанаар хангагч 15 аж ахуйн нэгж, жижиг 32 уурын зуух үйл ажиллагаагаа явуулж байна. Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халаалт муу, агаар орчны бохирдол их байгаа асуудлаар Засаг дарга Г.Өнөрбаяр, орлогч Д.Уужимсанаа нар дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийв.
Аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаагаар ахлуулсан “Эрчим хүчний зохицуулах салбар зөвлөл”-өөс халаалт муу, агаар орчны бохирдол ихтэй байгаагийн шалтгааныг нүүрсний чанар муу, уурын зуухууд хуучирч муудсан, шүүлтүүр, утаа тортог баригчгүй, шинэчлэл хийгээгүй, галч нар мэргэжлийн бус гэж дүгнэжээ.
Тиймээс Засаг дарга Г.Өнөрбаяр дулаанаар хангагч аж ахуйн нэгжүүдийг 5 дугаар сарын 15-ны дотор уурын зуухандаа бүрэн шинэчлэл хийх, орчин үеийн дэвшилтэт технолги бүхий төхөөрөмж суурилуулах чиглэл өгөв. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасны дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулалт хийсэн тохиолдолд 1 хувийн татвараас чөлөөлнө гэсэн заалт орсон. Тухайн заалтыг дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлж, татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн энэ салбарын аж ахуйн нэгжүүдийн үнийн өсөлтийг төсвөөс олгосон. Иймд уурын зуухууддаа бүрэн шинэчлэлт хийх асуудал дээр цаг алдахгүй байх талаар ярилцав.
Мөн Могойн голын нүүрсний уурхайд ажиллах ажлын хэсгийг байгуулан жин тонн гүйцэд, чанартай нүүрс аймагтаа татаж авах талаар зөвшилцөлд хүрнэ гэдгээ илэрхийллээ.
Энэ оны 3 дугаар сард шинэ технологийн агаар шүүгчийг нэг уурын зуухан дээр байршуулж, агаар орчны бохирдлын шинжилгээг харьцуулан туршихаар боллоо.

