Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег албан ёсоор хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр талын хамтын ажиллагаа, ЕХ-ны дэвшилтэт технологи, инновац, хөрөнгө оруулалтыг татах тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баярсайхан, ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа, Европын Холбооны талаас Хамтын ажиллагаа хариуцсан багийн ахлагч Адриен Мург, Улс төрийн зөвлөх М.Ганчимэг нар байлцлаа.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монгол Улс, Европын Холбооны уламжлалт найрсаг харилцааг салбарын бодит үр дүнгээр өргөжүүлэх нь яамны стратегийн чухал зорилт болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн болон “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны зорилтуудыг танилцуулж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллах албан ёсны саналыг дэвшүүллээ.
Түүхий эд бэлтгэлээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих, ноолуурын чанар, гарал үүслийн мөшгөх тогтолцоо болон стандартыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, ЕХ-ны санхүүжилттэй төслүүдийг өргөжүүлэх, инженер-техникийн ажилтан бэлтгэх, Европын хөрөнгө оруулагчидтай холбох бизнес форумыг хамтран зохион байгуулах асуудлаар санал хэллээ.
Газар тариалан, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийн хүрээнд уур амьсгалын эрс тэс нөхцөлд зохицсон, ус, эрчим хүчний хэмнэлттэй хамгаалагдсан хөрсний болон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, импортын хамаарлыг бууруулах чиглэлээр технологи дамжуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэлэв.
Монгол Улс-Европын Холбооны Ойн түншлэлийн хөтөлбөрийн техникийн туслалцааны хүрээнд хамтран ажиллаж агро ойн аж ахуйг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийн хүрээнд тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах хүсэлтээ илэрхийлэв.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните саналыг найрсгаар хүлээн авч, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй онцлог төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.
Ойн түншлэлийн гол зорилго нь Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ойн салбарт ажлын байр бий болгох, хууль бус мод бэлтгэлийг бууруулж, тогтвортой үйлдвэрлэл, худалдааг дэмжихэд чиглэж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус төсөлд төвлөрөн ажиллаж байгаа. Түүнчлэн хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын асуудалд ХХААХҮЯ хамтран ажиллах, саналаа ирүүлж ажиллахыг хүслээ. Мөн Ойн түншлэлийн хүрээнд УИХ-д өргөн бариад байгаа Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах нь чухал зохицуулалт болно гэдгийг тэмдэглэв.
Түүнчлэн хатагтай Ина Марчюлёните Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагт хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн талаар товч танилцуулж, хөдөөгийн малчдын санал хүсэлтийг уламжлав.
Европын Холбооны дэмжлэгтэй STREAM+ төсөл нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэлийн тогтолцоог төлөвшүүлэх зорилготой. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Зүүнхараа политехник коллеж”-д 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн “Мал зүйн техникч” мэргэжлийн шинэ хөтөлбөрийг албан ёсоор нээсэн талаар мөн мэдээлэв.
Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Европын Хөрөнгө оруулалтын банк болон Азийн хөгжлийн банкны хамтарсан, Монгол Улсын хөдөө орон нутгийг чиглэсэн томоохон хөтөлбөр болох ASDIP буюу “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн талаар хөндөв. Уг хөтөлбөрийн хүрээнд Эдийн Засаг, хөгжлийн яам руу 37 санал өнгөрсөн долдугаар сард уламжилсан. ХХААХҮ-ийн салбарт томоохон түлхэц үзүүлэх хөтөлбөр болохыг дурдаад хөдлөхгүй удааширч байгаад хамтран ажиллах саналтайгаа хэллээ.
Хатагтай Ина Марчюлёните мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц удааширч, хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллая гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааг тодорхой зорилт, хэрэгжих шат дараатай арга хэмжээнд чиглүүлэн, бодит үр дүн гаргахын төлөө идэвхтэй ажиллахаар тохиролцов.









