Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байна

2026-10-23 5 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийсэн.

Тухайлбал, мэдээлэлдээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, ургац хураалтын явц, махны экспортын нөхцөл байдал болон мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 195.5 МЯНГА ОРЧИМ МАЛЧИН ӨРХИЙН 61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХААР ТӨЛӨВ ГАРЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах, малчдын орлогыг дэмжих арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.  

Зун, намрын улиралд улсын хэмжээнд 76.9 сая толгой мал бэлчээрлэсэн бөгөөд хүн амын хүнсний хэрэгцээ болон мал, мах бэлтгэлд 15.1 сая орчим толгой малыг нийлүүлэхээр тооцсон. Үүний дүнд улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Мал, мах бэлтгэлийн хүрээнд 10.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна. Нийт эргэлтэд оруулах малын 67 орчим хувийг Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд бүрдүүлж байна.

Зуншлагын нөхцөл байдал 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар зуншлага муу байгаа нь өвөлжилт, хаваржилтад нөлөөлж, хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхааралдаа авч байна.

Өвөл-хаврын улирлын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн дүн гарсан.

Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц бүс нутгийн бэлчээрийн даацаар 717.4 мянган толгой хонь өвөлжүүлэх боломжтой бөгөөд оторчдын хүсэлтийг (otorchin.gov.mn) цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байна.

“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд амжилттай хэрэгжүүлснээр тэжээлийн таримлын тариалалтыг 2,270 га-аар нэмэгдүүлж, нийт 778 малчин өрх, хоршооны хамтын ажиллагааг дэмжин, орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Цаашид 2027 онд тус төслийн хамрах хүрээг улам тэлж, илүү олон сумын малчдын хоршоо, нөхөрлөлийг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

БАЙГАЛИЙН ХАДЛАНГИЙН БЭЛТГЭЛ 57 ХУВЬ, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 12.1 мянган тонн байгалийн хадлан, 4.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэж байна. Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Байгалийн хадлан бэлтгэлд Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган зэрэг аймгуудад 435 иргэн, аж ахуйн нэгж 82.5 мянган га талбайд ажиллаж байна.

Малчин өрхийн түвшинд 990.7 мянган тонн байгалийн хадлан, 9.0 мянган тонн сүрэл, 22.2 мянган тонн ногоон тэжээл, 71.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 4.0 мянган тонн гар тэжээл, 19.0 мянган тонн дарш, хужир шүү бэлтгээд байна. Энэ нь тэжээлийн нэгжид шилжүүлснээр 533.9 мянган тонн болж байна.

Мөн энэ оны ургацын төлөвөөс 201.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч, 103.2 мянган тонн улаанбуудайг малын тэжээл рүү шилжүүлж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ.

ТӨМС ХУРААЛТ 100 ХУВЬ ДУУСАЖ, ҮР ТАРИА, ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 82-87 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Газар тариалангийн салбарын технологийн үйл ажиллагааг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан

Ургац хураалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац 147.3 мянган тонноор буюу 40.9 хувиар, төмс 63.1 мянган тонноор буюу 40.7 хувиар, хүнсний ногоо 15.4 мянган тонноор буюу 10.1 хувиар, таримал тэжээл 69.1 мянган тонноор буюу 46.8 хувиар, тосны ургамал 1.4 мянган тонноор буюу 8.5 хувиар ургац тус тус ахиу байна.  

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД 12 МЯНГАН ТОНН БАГТААМЖТАЙ АГУУЛАХУУДАД НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 7 салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106.0 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна.

Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлтийн хүрээнд Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4,500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7,500 тонн, нийт 12,000 тонн багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын төсвийн тодотголоор хүнс, хөдөө аж ахуйн салбарт 120.0 тэрбум төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгө оруулалт нь газар тариалангийн салбарын ургац тариалалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр өгөөжийг эрс дээшлүүлэх бодит дэмжлэг болох юм. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

36.7 МЯНГАН ТОНН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 139.7 САЯ АМ.ДОЛЛАРООР ЭКСПОРТЛОВ

Монгол Улсаас 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн (түүхий ястай маханд шилжүүлснээр 48.3 мянган тонн)-ийг 139.7 сая ам.доллароор экспортолсон байна.

Нарийвчлан авч үзвэл 21.4 мянган тонн адууны мах, 35 тонн үхрийн мах, 3.1 мянган тонн хонины мах, 0.7 мянган тонн ямааны мах, 10.5 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, 0.9 мянган тонн нь малын дайвар байна.

 Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 22.6 хувиар (10.7 мянган тонноор), мөнгөн дүн 29.5 хувиар тус тус буурсан байна.   

Экспортын чиглэлийн бүтцээр БНХАУ-д 85.2 хувь, Булангийн орнуудад 4.7 хувь, Узбекистан улсад 2.9 хувь, Хонконгт 1.8 хувь, бусад улс оронд 5.4 хувь ногдож байна. Ийнхүү экспортын зах зээл БНХАУ-д өндөр төвлөрөлтэй хэвээр байна.

Экспортын чанар, стандартыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор экспортын эрх бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛАВ

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая толгой малыг урьдчилан сэргийлэхээр өвчний гаралт тархалтад тулгуурлан төлөвлөж, 16.3 сая толгой мал хамруулж 94.3 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.

 Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулаад байна.

Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотгол хүлээгдэж байна.  

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 47.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 11.6 сая толгойг 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Ямааны годронгийн вакцины омог гарган авах, үйлдвэрлэхтэй холбоотойгоор нийт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын нөөцөөс шийдвэрлэн, 1.5 сая тун вакциныг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн шүлхийн вакцины савлагааны ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг гарч, шуурхай ажиллаж байна.

Ямааны годрон өвчний нөхцөл байдал ба авч буй арга хэмжээ:

Ямааны годрон нь микоплазмаар үүсгэгддэг, ямааны амьсгалын эрхтэн тогтолцоог голлон гэмтээдэг, өвчлөл, хорогдол өндөртэй, ямаа болон янгир, аргаль, бөхөн, хар сүүлт зэрэг зэрлэг амьтан өвчлөх эрсдэлтэй гоц халдварт өвчин юм.

Годрон өвчин 2026 оны 5 болон 9 дүгээр саруудад Дорноговь (Хөвсгөл сум), Говь-Алтай (Цогт, Дэлгэр сум), Төв (Алтанбулаг сум) аймгуудад лабораторийн шинжилгээгээр дахин батлагдсан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Саятан сүрэг дэлгүүр”-ээс орон нутагт борлуулсан ухнаар дамжин 11 аймгийн 14 байршилд халдвар тархсан болохыг мөшгөн тогтоож, холбогдох нутаг дэвсгэрүүдэд хязгаарлалтын дэглэмийг шуурхай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд холбогдох хууль хяналтын байгууллага буюу Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шалгуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллага, холбогдох албан тушаалтнууд хаана алдаа гаргасан байгааг олж илрүүлэх, гаргасан алдаа дутагдал, хариуцлагын асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг улам бүр боловсронгуй болгох хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох судалгааг хийж байна.

Зориудын устгал ба нөхөн төлбөрийн асуудал:

Лабораторийн шинжилгээгээр батлагдсан Говь-Алтай аймгийн Цогт суманд 47 өрхийн 23,358, Дэлгэр суманд 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг суманд 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 4 өрхийн 732, нийт 54 өрхийн 26,108 толгой ямааг устгах шаардлага үүссэн.  

Харин зориудын устгалд Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23,358, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732, нийт 58 малчин өрхийн 26,840 толгой ямааг хамруулаад байна. Говь-Алтай болон Төв аймагт устгалын ажил дууссан.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох журмын дагуу гоц халдварт өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тухайн орон нутгийн статистикийн газраас гаргасан зах зээлийн жишиг үнэлгээний 90 хувиар тооцон олгодог.

Устгалд хамрагдсан 26,840 толгой ямааны зах зээлийн жишиг үнэлгээ 5.96 тэрбум төгрөг болсон бөгөөд 90 хувийн нөхөн олговроор нийт 5,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Улсын онцгой комисст хүргүүлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай хангах, ургац хураалтыг бүрэн дуусгах, махны экспортыг дэмжих болон ямааны годрон зэрэг гоц халдварт өвчний тархалтыг зогсоож, зориудын устгалын нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ