“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяны хүрээнд зарим ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа

2026-02-12 108 0

Иргэдийн дунд цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед зэрэг цахилгаан моторт тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тохиолдол өсөж байгаатай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” нөлөөллийн аяныг өрнүүлж байна.

Энэ хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Комиссын дарга Д.Сүнжид скүүтер, цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Eco bike”, “Jet Sharing Mongolia”, “Tapa trip Agency”, “U go investment Mongolia”, “UB Bike” зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл нэмэгдэж байгаад анхаарал хандуулж, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж болох боломжит зохицуулалт, арга хэмжээний талаар оролцогч талуудтай санал солилцов.

Үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын зүгээс холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэглэгчдийг аюулгүй зорчих нөхцөлөөр хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа тухайгаа илэрхийллээ.

Талууд цаашид хэрэглэгчид болон замын хөдөлгөөнд оролцогчдын  мэдлэг ойлголт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах нь осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолж, “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” нөлөөллийн аянд нэгдэн хамтран ажиллахаар тохиролцов.

“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих эрхийг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд аяны хүрээнд холбогдох байгууллагуудтай үе шаттай уулзалтыг өнгөрөгч намраас эхлэн зохион байгуулж, шийдэл, гарцыг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ